
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн өөр ажилд шилжихтэй холбогдуулан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулууныг томиллоо.
Бодлого, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд шинээр Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод буй Ц.Болорчулуун нь 2008 онд Тариалан эрхлэлтийн сангийн дэд захирал, 2010 оноос ХХААХҮЯ-ны Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал, 2011 оноос ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангийн дэд захирал, 2015 оноос яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2020 оноос Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж иржээ.
ХХААХҮ-ийн сайдын зүгээс салбарын ажил тасалдахгүй үргэлжлэх ёстой, шинэ хүн салбартай танилцаж цаг алдах ёсгүй хэмээн үзэж ийнхүү мэргэшсэн боловсон хүчнийг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байна.