
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд энэ жил анх тэмдэглэхдээ 15 мянган морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтыг бэлгэдэн сүрт жагсаалтыг Хүй долоо худагт хийсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины цомын уралдаан, хүчит бөхийн барилдаан, адууны соёл, өв уламжлалыг сурталчилсан уралдаан, тэмцээн, урлаг, соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулагдсан билээ.
Өнөөдөр “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон улсын уралдаанд амжилттай оролцсон нэр бүхий уяачдад цом, гэрэгэ гардууллаа. Уясан хүлэг нь түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлсэн Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Сумын алдарт уяач Гансүхийн Хадбаатарт “Нарны хүлэг” цом, Алтан гэрэгэ гардууллаа. Мөн уясан хүлэг нь айрагдсан Завхан аймгийн Яруу сумын харьяат, Тод манлай уяач Дашзэвгийн Дагвадорж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваадорж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Аймгийн алдар уяач Давааноровын Ганбаатар нарт Мөнгөн гэрэгэ гардууллаа.
“Дэлхийн адууны өдөр”-т адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, наадамчин олноос гадна гадаадын 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцсон. Энэ жил мөн дэлхийн 55 улс анх удаа энэ өдрийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэсэн байна.
Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг. Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.

