
Дэлхийн хамгийн өндөрт тооцогддог улс төрийн удирдагчдын цалингийн нэг болох Сингапурын сайд нарын цалин аравдугаар сарын 15-наас нэмэгдэнэ. Үүний үр дүнд Ерөнхий сайдын жилийн цалин 64 хувиар өсөж, одоогийн 2.2 сая сингапур доллароос 3.6 сая сингапур доллар болно.
Сингапур улс авьяас чадвартай хүмүүсийг төрийн албанд татах, авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор улс төрийн удирдагчдадаа өндөр цалин олгодог. Гэвч энэ асуудал тус хот-улсын хувьд маргаантай хэвээр байгаа юм. Учир нь тус улсын дундаж цалинтай ажилтан сард ойролцоогоор 5775 сингапур долларын орлого олдог.
Ерөнхий сайд Лоуренс Вонг парламентын хуралдаанд хэлсэн үгэндээ энэ асуудал эмзэг гэдгийг хүлээн зөвшөөрч, улс төрчдийн цалин нь ярвигтай төдийгүй хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ихээхэн хөдөлгөдөг сэдэв хэмээн хэлжээ.
“Энд яригдаж буй мөнгөн дүн нь ихэнх иргэдийн олдог орлогоос хавьгүй өндөр. Тиймээс сингапурчууд яагаад үүнийг анхааралтай ажиглаж, энэ асуудлаар хүчтэй байр суурь илэрхийлдгийг би ойлгож байна” гэж Вонг хэлээд, өөрийн цалингийн нэмэгдлийг дараагийн таван жилийн хугацаанд буяны байгууллагуудад хандивлана гэдгээ мэдэгдэв.
Гэхдээ энэ нь зөвхөн цалингийн асуудал биш гэж тэр үзжээ. “Эцсийн дүндээ энэ нь Сингапур улс цаашид улс орноо урагшлуулах, ирэх жилүүдэд сингапурчуудад сайн үйлчлэхэд шаардлагатай чанартай улс төрийн удирдлагыг хадгалж чадах эсэх тухай асуудал юм” гэж тэр хэлжээ.
Political Salaries хэмээх ашгийн бус байгууллагын мэдээллээр Их Британийн Ерөнхий сайд жилд 170 171 фунт стерлингийн цалин авдаг бол АНУ-ын Ерөнхийлөгч 296 000 фунт стерлингийн орлоготой байна. Тус байгууллагын гаргасан жагсаалтаар Сингапурын Ерөнхий сайд дэлхийн хамгийн өндөр цалинтай төрийн тэргүүнд тооцогддог.
Тус мэдээллийн сангийн дагуу Хонконгийн захиргааны тэргүүн дэлхийд хоёр дахь өндөр цалинтай улс төрийн удирдагч бөгөөд жилд 532 000 фунт стерлинг авдаг. Үүний дараа Швейцарийн Ерөнхийлөгч 448 000 фунт стерлингийн жилийн цалинтайгаар орж байна.
Сингапурын одоогийн 1.1 сая сингапур долларын цалинтай бага түвшний сайд нарын жилийн орлого одоо гүйцэтгэл болон хариуцлагын хэмжээнээс хамааран 1.8 сая сингапур доллар хүртэл нэмэгдэх боломжтой.
Улс төрийн албан тушаалтнуудын цалинг эхний ээлжид нэг удаагийн байдлаар дээд тал нь 9 хувиар нэмэгдүүлэн дараа дараагийн өөрчлөлтийг шууд огцом нэмэх бус, ажлын гүйцэтгэлд үндэслэн хийх ажээ.
Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад ихэнх бага түвшний сайд жилд ойролцоогоор 1.35 сая сингапур долларын цалин авах бол сайн ажилласан сайд нарын цалин “үүнээс ч өндөр түвшинд хүрч болно” гэнэ.
Сингапур хамгийн сүүлд 2012 онд сайд нарын цалинг шинэчлэн тогтоосон. Тухайн үед сайд нарын цалинг 36 хувиар бууруулсан нь тэдний авч буй өндөр цалинд олон нийт дургүйцэж байсантай холбоотой байв.
Парламентын гишүүд энэ асуудлыг пүрэв гарагт парламентаар хэлэлцэнэ.
Энэхүү мэдэгдэл олон нийтийн сүлжээнд хүчтэй хариу үйлдэл дагуулжээ. Reddit-ийн зарим хэрэглэгч цалингийн өөрчлөлтийг “бодит байдлыг мэдрэхгүй байна” хэмээн шүүмжилсэн бол зарим нь хүнд хэцүү цаг үеийг сайд нар илүү сайн удирдаж чадвал цалинг нэмэгдүүлэх нь үндэслэлтэй гэж үзсэн байна.
Одоогийн цалинг хэвээр үлдээх нь өөрийнх нь хувьд “улс төрийн хувьд илүү амархан” сонголт байх байсан гэж Вонг хэлсэн ч ингэх нь “зөв зүйл биш” гэж үзжээ. Учир нь 2012 оноос хойш хувийн хэвшил, төрийн алба, шүүхийн байгууллага болон төрийн секторын цалин хөлс нэмэгджээ.
2012 онд цалинг бууруулсны дараа 2017 онд цалинг дахин хянасан боловч Засгийн газар нэмэгдүүлэх тухай зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байхаар шийджээ.
Харин 2023 онд хийхээр төлөвлөж байсан хоёр дахь удаагийн хяналт, үнэлгээг эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас хойшлуулсаар одоо л хэрэгжүүлж байна.
Сингапур улс сайд нарын цалинг тогтоохдоо тус улсын хамгийн өндөр орлоготой 1000 хүний цалинг жишиг болгон ашигладаг. Учир нь эдгээр хүмүүсийн чанар, чадвар нь “сайн засаглалыг хангахад Сингапурт шаардлагатай хүмүүсийн хүсэж буй түвшнийг илэрхийлдэг” гэж Төрийн албаны хэлтэс өөрийн цахим хуудсанд тайлбарласан байна.
Энэхүү жишиг үзүүлэлтийн талаар Сингапурын Үндэсний их сургуулийн улс төр судлаач Чон Жа Иан “Орлогын ялгаа нэмэгдэж байгаа нөхцөлд энэ нь сайд нарыг жирийн сингапурчуудын амьдрал, туршлагаас илүүтэйгээр маш чинээлэг хүмүүсийн хүрээлэлтэй ойртуулж болзошгүй” гэж хэлжээ.
Сингапурын төрийн байгууллагууд дахь авлигын тохиолдол ховор байдаг ч огт байдаггүй гэсэн үг биш. Саяхны нэгэн тохиолдлоор тус улсын Зам тээврийн сайд асан С. Исваран 2024 онд шударга ёс хэрэгжихэд саад учруулсан, мөн 300 000 гаруй ам.долларын үнэ бүхий бэлэг авсан хэрэгт буруутгагдан хорих ял сонссон.