
Афганистаны засгийн эрх баригч талибууд хүүхдийн гэрлэлтийг анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрөхөд хүрч болзошгүй шинэ журам баталсан тухай эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид мэдээлжээ. Гэр бүлийн тухай шинэ хуульд охид, залуу эмэгтэйчүүдийг нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр гэрлэлтээ цуцлуулахыг хориглосон нь ийн болгоомжлоход хүргэж буй аж.
Афганистанд албадан болон насанд хүрээгүй байхдаа гэрлэсэн эмэгтэйчүүдийн талаар албан ёсны статистик байдаггүй. Гэвч идэвхтнүүдийн мэдээлснээр, сүүлийн жилүүдэд энэ үзэгдэл огцом нэмэгдсэн нь охидыг 11 наснаас хойш сургуульд сурахыг хориглосон бодлогын нөлөө юм. Зарим албан бус тооцоогоор, боловсролоос хасагдсан охидын ойролцоогоор 70 хувь нь эрт эсвэл албадан гэрлэхэд хүрсэн бөгөөд тэдний 66 хувь нь 18 нас хүрээгүй байхдаа гэрлэжээ.
Талибаны засаглал дор хүүхдийн гэрлэлтийг хориглосон хууль байхгүй. Харин өнгөрсөн долоо хоногт батлагдсан гэрлэлт цуцлах журамд эхнэр өөрийн хүслийн эсрэг гэрлэсэн гэж мэдэгдсэн ч нөхөр нь зөвшөөрөөгүй тохиолдолд салахыг зөвшөөрөхгүй гэж заасан нь хүүхдийн гэрлэлтийг дэмжсэн бодлогын илрэл болж байна. Мөн нөхөр удаан хугацаагаар ор сураггүй байх, эсвэл санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь дангаараа салалтын үндэслэл болохгүй хэмээн заажээ.
Энэ долоо хоногт Афганистаны нийслэл Кабул хотод шинэ хуулийн эсрэг жагсаал болж, хүний эрхийн хөдөлгөөнүүд уг хуулийг эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг системийн хүчирхийллийн нэг хэлбэр хэмээн буруушааж байна.