Мэргэжлийн талбайн теннисний нэр хүндтэй тэмцээний нэг болох Францын нээлттэй тэмцээн /Ролан Гаррос/ өндөрлөхөд ганцхан тоглолт үлдлээ.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд дэлхийн чансааг тэргүүлэгч Беларусын Арина Сабаленка болон АНУ-ын Коко Гауфф нар шалгарлаа. Энэ тоглолт ням гаригт болж энэ жилийн тэмцээний эмэгтэйчүүдийн аварга тодорно.
Өчигдөр болсон тоглолтод АНУ-ын Коко Гауфф тус тэмцээнд шуугиан тариад байсан Францын Луи Буассоныг хожиж финалд шалгарсан. Тэрээр “Мэдээж талбайн эзэн тамирчинтай тоглоход амаргүй байлаа. Гэвч би сэтгэлзүйн хувьд ч сайн байлаа. Үзэгч та бүхний дууг сонсоод өөрийгөө илүү сайн зоригжуулж чадлаа. Би өөрийнхөө нэрийг өөртөө хэлж байлаа.” хэмээн хэлжээ.
Энэ жил 21 настай Гауфф 2023 онд Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байв. Нийт тэмцээнээс олсон шагналын сан нь 24 сая ам.долларт хүрсэн түүний хувьд энэ жилийн нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд үлдсэн. Энэ удаа Гауфф Францын нээлттэй тэмцээний финалд шалгарлаа. Түүний өрсөлдөгч бол дэлхийн чансааг тэргүүлэгч Беларусын Арина Сабаленка юм.
