
Монгол Улс аравдугаар сарын 20-ний өдрийг “Төрийн дууллын өдөр” болгон тэмдэглэхээр болж, 11:40 цагт Төрийн дууллыг орон даяар нэгэн зэрэг эгшиглүүллээ. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг эрхэмлэн дээдлэх, иргэдийн эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм.
Өнөөдөр Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд Монгол Улсын Төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэлээ.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Од мөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүхийн санаачилгаар энэхүү өдрийг бий болгосон бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дээдлэх, иргэдийн эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэжээ.
1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монголын ард түмэн улс орныхоо тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулгад оролцож байсан түүхтэй. Санал асуулгад монголын ард түмний 98 хувь нь оролцож 100 хувийн саналаар Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмжсэнээр тус улсын бүрэн эрхт байдлыг олон улсад баталгаажуулах түүхэн үйл явдлын үндэс тавигдсан юм.
1945 онд “Монгол улсын шинэ дууллын үгийг зохиох хаалттай уралдааны дүрэм”-ийг гаргаж шүлгийн агуулга, хэлбэрийн хувьд тусгай заалт, чиг хандлагыг тогтоож өгсөн байна. Шүлгийн уралдаанд “Хад” гэх нууц нэрээр оролцсон Б.Дамдинсүрэнгийн зохиосон аялгууны эхний хэсгийг “Бор шувуу” хэмээх нэртэй Л.Мөрдоржийн дууны төгсгөлийн хэсэгтэй нийлүүлсэн хувилбарыг сонгон авч симфони найрал хөгжим, цэргийн үлээвэр найрал хөгжим, найрал дуу, эрэгтэй чуулга, эрэгтэй гурвал, гоцлол зэрэг байдлаар олон удаа сонссоны эцэст баталж байсан түүхтэй.


