
Попын хаан Майкл Жэксоны намтраас сэдэвлэн бүтээсэн “Michael” кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн билээ. Шинжээчид тус кино нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 50-60 сая ам.долларын ашиг олно гэж таамаглаж байсан юм. Тэгвэл “Michael” кино олон улсаас 217 сая ам.долларын ашиг олж намтар кинонуудын шинэ дээд рекордыг тогтоосон байна.
Нээлтээ хийсэн амралтын өдрүүдэд хамгийн их ашиг олсон намтар киноны рекордыг 2015 оны “Straight Outta Compton” кино эзэмшдэг байв. Тус кино нээлтээ хийхдээ 60 сая ам.долларын ашиг олж байжээ. 2018 онд алдарт дуучин Фредди Меркуригийн намтар кино нээлтээ хийхдээ 51 сая ам.долларын ашиг олж, театраас буухдаа нийт 910 сая ам.долларын орлого цуглуулсан байна.
Шүүмжлэгчид “Michael” кинонд муу үнэлгээ өгч байгаа ч үзэгчдэд ихэд таашагдаж байгаа бололтой. Тодруулбал “Rotten Tomatoes” сайт дээр “Michael”-ийн шүүмжлэгчдийн оноо 38 хувьтай байгаа юм. Харин “Cinema Score” дээр үзэгчид тус кинонд A үнэлгээ өгчээ.