
Хонконгийн ардчиллын хөдөлгөөний нэр нөлөө бүхий идэвхтэн Жошуа Вонг гадаадын байгууллага, этгээдтэй хуйвалдсан гэх үндэсний аюулгүй байдлын гэмт хэрэгт буруугаа хүлээлээ. Тус хэрэгт бүх насаар нь хорих хүртэл ял оноох хуультай байдаг.
Өдгөө 29 настай Вонг өсвөр насандаа Хонконгийн ардчиллын төлөөх идэвхтэн болж, олон улсад танигдсан. Тэрээр 2020 онд Бээжин Азийн санхүүгийн төв Хонконгт хэрэгжүүлсэн өргөн хүрээтэй Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн улмаас эсэргүүцлийн үйл ажиллагаа нь үндсэндээ хууль бус болсон залуу идэвхтнүүдийн нэг байв.
Хонконгийн Дээд шүүхийн танхимд болсон шүүх хурлыг барууны хэд хэдэн орны дипломат төлөөлөгч ажиглан оролцжээ.
Прокурорын зүгээс Хонконгийн бүрэн эрхт байдлын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг урьд нь дэмжиж байсан, одоо татан буугдсан Демосисто улс төрийн намын олон улсын хэвлэл мэдээлэл болон улс төрийн кампанит ажлыг онцлон дурдсан. Вонг тус намын удирдагчдын нэг байсан аж. Прокурорын үзэж буйгаар уг кампанит ажил нь 2019, 2020 онд Хонконг болон Хятадын эсрэг хориг арга хэмжээ болон бусад дайсагнасан ажиллагаа явуулахыг өдөөх зорилготой байжээ.
Вонг өмнө нь 2020 онд зохион байгуулагдсан албан бус урьдчилсан сонгуульд оролцсон ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийн нэг байсан ч төрийн эрхийг хөнөөх зорилготой хуйвалдсан гэх үндэсний аюулгүй байдлын өөр хэрэгт ял эдлэн, одоо шоронд хоригдож байгаа юм. Түүний одоогийн ял ирэх оны нэгдүгээр сард дуусна.
Вонгийг цөллөгт амьдарч буй идэвхтэн Натан Лоу болон бусад хүмүүстэй хамтран Хятадаас гаднах улс орон, байгууллага, институц болон хувь хүмүүсээс Хонконг, Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах, эсвэл эдийн засгийн хаалт хэрэгжүүлэхийг хүссэн гэж буруутгажээ.
Түүнчлэн Хонконг, Хятадын эсрэг чиглэсэн ийм арга хэмжээ болон бусад дайсагнасан үйл ажиллагаа 2020 оны долдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 23-ны хооронд болсон гэж яллах дүгнэлтэд дурдсан байна.
Вонгийн хэрэг болон түүнтэй төстэй бусад хэргийг Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ажиглаж буй олон улсын хүний эрхийн байгууллагууд болон барууны зарим улс орон анхааралтай ажиглаж буй.
Ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргах үеэр Вонгийн өмгөөлөгч Дерек Чан үйлчлүүлэгчийнх нь үйлдэл тухайн гэмт хэргийн хамгийн ноцтой ангилалд хамаарахгүй гэдгийг шүүгч харгалзан үзэхийг хүсжээ.
Хэдийгээр уг гэмт хэрэгт бүх насаар нь хорих хүртэл ял оноох боломжтой ч Вонг залуу, мөн хэдийнэ бараг зургаан жил шоронд хоригдсон өршөөнгүй хандахыг өмгөөлөгч нь хүсжээ. Вонг “өөрийн туулсан зам болон үйлдлийнхээ үр дагаврын талаар эргэцүүлэн бодох хангалттай урт хугацаатай байсан” гэж өмгөөлөгч Чан хэлсэн байна.
Түүний хэлснээр, Вонг хоригдож байх хугацаандаа олон зуун ном уншиж, төрөл бүрийн сэдвээр өргөн мэдлэг олж авсан бөгөөд сэтгэл санааны хувьд эерэг байгаа гэнэ. Цаашид суллагдсаныхаа дараа өндөр настай эцэг эхээ асран халамжлахыг хүсэж байгаа аж.
Шүүгч Там ялыг “аль болох хурдан” шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн ч ял сонсгох өдрийг товлолгүйгээр шүүх хурлыг өндөрлүүлжээ.
Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль 2019 онд хотыг олон сарын турш донсолгосон, заримдаа хүчирхийллийн шинжтэй болсон ардчиллыг дэмжигч жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөний хариу арга хэмжээний нэг хэсэг болгон 2020 оны зургаадугаар сарын 30-нд батлагдсан юм.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд болон барууны орнууд уг хуулийг хэт хатуу гэж шүүмжилж, 1997 онд Хонконгийг Их Британиас Хятадад шилжүүлэх үед тус хотод амласан өндөр түвшний өөртөө засах эрхтэй зөрчилдөж байна гэж үздэг.
Харин Хонконг болон Хятадын албаныхан уг хууль нь тогтвортой байдлыг сэргээхэд зайлшгүй шаардлагатай байсан гэж мэдэгддэг байна.