
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолбор”-ын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли болон албаны бусад хүн оролцов.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бодит илэрхийлэл болсон энэ төслийг 2018, 2019 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэ цогцолбор спортын хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, бүх насны иргэд биеийн тамир, спортоор хичээллэн эрүүл, идэвхтэй амьдрах боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Мөн бүх нийтийн биеийн тамирын талбар, хүүхэд, залуусын хүсэл мөрөөдлөө эхлэх орчин, тамирчдын амжилтаа ахиулах бэлтгэлийн бааз, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих орон зай, спортын ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болно” гэж онцоллоо. Мөн төслийг дэмжин хэрэгжүүлж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Хятадын 779 сая юаны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх энэ төсөл хоёр улсын төрийн тэргүүний онцгойлон анхаарч байгаа, Монголын ард иргэдэд өгөөжөө өгөх төсөл гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли онцоллоо. Мөн цогцолборыг хугацаанд нь барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх нь Хятад, Монголын уламжлалт найрамдалт харилцааг илтгэн харуулах томоохон үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
2026-2030 он хүртэл хэрэгжих “Президент спорт комплекс” цогцолбор нь “Дүнжингарав” худалдааны төвийн зүүн хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулагдаж байна. Энэхүү цогцолборт 19 спортын төрлөөр нэгэн зэрэг 1385 хүн, олон ээлжээр 6000 гаруй иргэд хичээллэх бөгөөд өдөрт 8000-10000 хүнд үйлчлэх хүчин чадалтай нийт 58,247 метр квадрат талбайтай юм. Тус цогцолборт сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, буудлага зэрэг 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой.
Спортын ордон хуучирсан ч өдгөө хүртэл тамирчдын хоёр дахь гэр болсон хэвээр байна
Б.Баасанхүү /Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин/
Манай улсад хамгийн их хэрэгтэй спортын цогцолбор баригдах болсонд баяртай байна. Гадаадын олон оронд очиж бэлтгэл хийж, тэмцээнд оролцлоо. Өндөр хөгжилтэй орны тамирчдынх нь бэлтгэлийн орчинг хараад манай улсад ийм ордон байсан бол гэх бодол их орж ирдэг. Гэхдээ мэдээж бас харамсах зүйл байдаг. Тамирчин хүн бүрт бэлтгэлээ хийх тухтай орчин чухал. Бид ОХУ-ын Сочид хотод хамтарсан бэлтгэл хийж байсан. Тухайн бэлтгэлийн баазыг хараад үнэхээр гайхаж байсан минь санаанд орж байна. Өнөөдөр ийм том бүтээн байгуулалт эхлэх болж байгаад баяртай байна.
Ч.Наранбаатар /Монголын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч/
Бүтээн байгуулалт бий болох гэж байхад үнэхээр их баяртай байна. Монголын ард түмэнд, хүүхэд залуучуудад энэ бүтээн байгуулалт ус, агаар шиг хэрэгтэй. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар БНХАУ-ын тусламжаар спортын цогцолбор өнөөдөр шаваа тавьж байгаад баяртай байна. Манай улсад 1958 онд баригдсан спортын ордон байна. Тухайн үед мөн Цэнгэлдэх хүрээлэн баригдаж байв. Спортын ордон хуучирсан ч өдгөө хүртэл тамирчдын хоёр дахь гэр болсон хэвээр байна. Яармагт мөн БНХАУ-ын тусламжаар 2011 онд баригдсан 5000 мянган хүний суудалтай спортын ордон үүдээ нээж байв. Өнөөдөр мөн дахин спорт цогцолбор бий болох гэж байгаад баяртай байна. Ойрын жилүүдэд спортын цогцолборууд олноор баригдаж байгаа нь үнэхээр сайхан байна. Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус, нийт ард иргэд маань эрүүл чийрэг, эрч хүчтэй байгаасай
Ирээдүй болсон тамирчдынхаа өмнөөс баярлаж байна
М.Анхцэцэг /Дэлхийн аварга, олимпын 4-р байрын эзэн, гавьяат тамирчин/
Би хүндийн өргөлтийн спортоор 18 жил хичээллэсэн. Энэ бүх хугацаанд олон удаа гадаадын тэмцээн уралдаан оролцож байлаа. Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадам гээд том наадмуудад оролцож байхад бодогдох зүйл их гардаг байсан. Мэдээж ийм сайхан ордонтой болох юмсан гэсэн битүүхэн атаархалтай эх орондоо ирдэг байлаа. Гадаадын орны тамирчдын бэлтгэлийн орчинг хараад ийм сайхан заалтай болно гэж их боддог байв. Өнөөдөр энэ мөрөөдөл биелэлээ олоод шав тавих ёслол болж байгаад үнэхээр баяртай байна. Ирээдүй болсон тамирчдынхаа өмнөөс, үе үеийн тамирчдынхаа өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлж байна. Энэхүү төслийг эхлүүлж, оролцож байгаа бүх хүнд чин сэтгэлийн талархал хэлмээр байна. Манай хүндийн өргөлтийн тамирчид байнга хүчний дасгал хийх учир зориулалтын бус газар бэлтгэл сургуулилтыг хийж болохгүй. Стандарт хангасан нөхцөл байдалтай бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг нь тухайн тамирчинд маш давуу тал болдог. Мэдээж яг л тэмцээн болох тийм л орчинд тамирчин бэлтгэлээ хийх нь чухал байдаг. Энэ нь тамирчдын амжилтад шууд нөлөөлнө.
Үндсэн барилга байгууламжийн бүрэлдэхүүнд дотор спортын зориулалттай өрөө, талбай, нийтийн үйлчилгээний зориулалттай өрөө, тасалгаа, удирдлага, ашиглалт, хангамжийн зориулалттай өрөө, тасалгаа, барилгын инженерийн тоног төхөөрөмжийн өрөө болон газар доорх машины зогсоол, талбай болон автомашины зогсоол, тугны суурь, амралтын хэсэг зэрэг багтана. Өмнөд талын автомашины зогсоолд суудлын автомашин, автобус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан болон моторт бус тээврийн хэрэгслийн зогсоолуудыг төлөвлөжээ.
Ерөнхий гүйцэтгэгч “Шэньси констракшн инженеринг групп корпорэйшн” компани спорт цогцолборыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.



