
Бээжингийн анхаарлыг ихээхэн татаж буй Тайванийн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр эхлэхтэй зэрэгцэн Хятадын Агаарын цэргийн хүчний идэвхжил дахин нэмэгдсэнийг Тайванийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Тайванийн 22 хот, мужийн дарга болон захирагчийн сонгуульд нэр дэвшигчид тээвэр, байгаль орчин зэрэг орон нутгийн асуудлыг голлон хөндөж байна. Сонгуулийн үр дүн Хятадын талаарх бодлогод шууд нөлөөлөхгүй ч Бээжин удаа дараа байр сууриа илэрхийлсээр иржээ.
Хятад улс нийслэл Тайбэй хотын даргын сонгуульд эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшиж буй Пума Шенийг буруутган шүүмжилсэн байна. Шенийг Хятадын цагдаа нар “салан тусгаарлах үзэл” гаргасан хэргээр эрэн сурвалжилж байгаа аж.
Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг Бээжин өөрийн бүрэн эрхт байдлын талаарх байр суурийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Тайваньд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Хятад улс өдөр бүр агаарын болон тэнгисийн цэргийн эргүүл хийж байгаа юм. Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, арлын эргэн тойронд Хятадын цэргийн 30 нисэх онгоц илрүүлсэн бөгөөд тэдгээрийн 26 нь Тайванийн хоолойн голын шугамыг давжээ. Эдгээр онгоц Хятадын байлдааны хөлөг онгоцуудтай хамтран “байлдааны бэлэн байдлыг шалгах хамтарсан эргүүл” хийсэн байна.