
IOC буюу Олон улсын олимпын хорооны 146 дугаар ээлжит чуулган Швейцарын Лозанн хотод болж байна. Тус чуулганд 200 гаруй орны олимпын зөвлөлийн төлөөлөл оролцож байгаа юм.
ОУОХ-ны чуулган нь дэлхийн олимпын хөдөлгөөний бодлого, хөгжлийн чиг хандлага, олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Үндэсний олимпын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэдэг билээ. Энэ үеэр олимпын хөдөлгөөний үйл ажиллагаа, ирэх олимпын наадмуудын бэлтгэл, засаглал, тогтвортой хөгжил болон бусад стратегийн асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ чуулганд Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Батүшиг оролцож байгаа. Тэрээр олон улсын спорт холбоод, Үндэсний олимпын хорооны удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын олимпын хөдөлгөөний хөгжил, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцжээ. Мөн чуулганы хуралдаанаар олимпод оролцох тамирчдад мөнгөн тэтгэлэг олгохыг зарлалаа.
Тамирчны ирээдүйн хөгжил, олимпын дараах шилжилтийг дэмжих “Fit for the future Olympian grant” хөтөлбөрийг зарлалаа
IOC буюу Олон улсын олимпын хорооны 146 дугаар чуулганы үеэр Олимпын наадамд оролцох эрх авсан тамирчин бүрт 10 мянган ам.доллар (8,800 евро)-ын буцалтгүй тэтгэлэг олгох санхүүгийн шинэ санаачилга гаргаж байгаагаа зарлалаа. Энэхүү санхүүжилт нь тамирчдын спортын замнал болон Олимпын дараах ажил мэргэжлийн шилжилтийг дэмжих зорилготой юм. Ихэнх тамирчдын хувьд ирээдүйн хөгжил, олимпын дараах шилжилтийн замд олон саад бэрхшээлтэй тулгардаг. Энэ байдлыг засах үүднээс ОУОХ-оос шинэ хөтөлбөрийг зарлаж байгаагаа мэдэгдлээ.
"Fit for the Future Olympian Grant" хөтөлбөрийг “Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадмын оролцогч тамирчин бүрт хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Олимпын нэг мөчлөгт нийт 140 сая ам.долларын (123.3 сая евро) санхүүжилт төсөвлөсөн бөгөөд дөрвөн жилийн хугацаанд ойролцоогоор 14,000 орчим олимпын тамирчин үр шимийг нь хүртэхээр тооцоолжээ.
Энэхүү 140 сая ам.долларын санг IOC өөрийн Олимпын сангийн хөрөнгөөс бүрэн санхүүжүүлэх бөгөөд Үндэсний олимпын хороод, Олон улсын спортын холбоо, эсвэл Олимпын эв санааны нэгдлийн (Olympic Solidarity) одоо авч буй санхүүжилтийг бууруулахгүй гэж онцлон мэдэгдлээ. Энэ санаачилга нь "Fit for the Future" стратегийн нэг хэсэг бөгөөд тамирчдын урт хугацааны хөгжлийг дэмжих нэмэлт механизм юм. Тэтгэлгийг Үндэсний олимпын хороодоор дамжуулан олгох бөгөөд одоо хэрэгжиж буй аливаа санхүүгийн дэмжлэгийг орлуулахгүй, бууруулахгүй байхаар хөтөлбөрт тусгажээ. Энэ шийдвэр нь ОУОХ бодлогын түүхэн эргэлт хийж, Ерөнхийлөгч Кирсти Ковентригийн өмнөх байр суурьтай харьцуулахад чухал өөрчлөлт болж байгааг ОУОХ-ноос мэдээллээ.

ОУОХ-ны тэтгэлгийг Үндэсний олимпын хороогоор дамжуулан олгоно
146 дугаар чуулганаар Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентригийн болон ОУОХ-ны шинэ байр суурийг дараах байдлаар илэрхийлжээ.
Олимпод оролцогч тамирчин бүрийг санхүүгийн хувьд шууд дэмжинэ. Энэ нь шагналын мөнгө биш, харин олимпод оролцохын төлөө гаргасан олон жилийн хөдөлмөр, золиосыг хүлээн зөвшөөрсөн тэтгэлэг гэж тодорхойлсон байна. Мөн допингийн зөрчилгүй, Олимпын дүрмийг мөрдсөн бүх тамирчин ижил эрхтэй байхаар тусгажээ. Олимпод оролцохын тулд тамирчин тодорхой цаг хугацааг алддаг. Тодруулбал олимпын дараах боловсрол, тамирчны замналаа үргэлжлүүлэх эсэх гээд тамирчин бүрт тулгардаг хүндрэлтэй үе бий. Энэ байдлыг сайжруулах үүднээс "Fit for the Future Olympian Grant" хөтөлбөрийг бий болгожээ. Мэдээж энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш үндэсний олимпын хорооны дотоодын өрсөлдөөн нэмэгдэж тамирчдын хувьд том шалгуурыг давах ёстой болно. Иймээс олимпын эрхийн чансаа ахиж, шударга, ил тод шалгуур илүү сайжирна гэж ажиглаж байгаа аж.
ОУОХ-ны тэтгэлэгтэй холбоотойгоор олимпын эрхийн өрсөлдөөн нэмэгдэнэ
ОУОХ-ны ерөнхийлөгч бодлогын хувьд "тамирчин төвтэй Олимпын хөдөлгөөн"-ийг бий болгохыг зорьж, "Тамирчдад шагналын мөнгө хэлбэрээр биш харин олимпын хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн тэтгэлэг байдлаар олгоно." гэж илүү тодорхой заасан байна. ОУОХ-ны санхүүжилтийн бодлого өөрчлөгдөж байгаа нь Олимпын эрхийн төлөөх өрсөлдөөн улам ширүүсч хэцүү болохыг шинжээчид дүгнэжээ. Мөн энэхүү тэтгэлэгийн улмаас олимпын эрхийн төлөө тамирчдын дотоод, гадаад өрсөлдөөн, олон улсын тэтгэлэг, үндэсний урамшуулал, ивээн тэтгэлэг зэрэг асуудлууд ашиг сонирхлын зөрчил, маргааныг дагуулах боломжтой болох юм. Мөн шалгаруулалттай холбоотой маргаан өсөж, Спортын арбитр /CAS/-т гаргах маргаан нэмэгдэх магадлалтай гэдгийг шинжээчид үзсэн байна.
Цаашид энэхүү тэтгэлэг үндэсний олимпын хороогоор дамжуулан олгогдох учир үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Мөн олимпын эрх авах магадлалтай тамирчдын бүртгэл судалгаа, санхүүгийн хяналт, тайлагнал, ил тод байдал дээр олон нийтийн хүлээлт үүсэх хэмжээнд гарна гэж үзжээ.
“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монголын гурван тамирчин эрх биелүүлэв
ОУОХ-ын 146 дугаар чуулганаар зарласан олимпын наадамд оролцсон тамирчдыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтийг Олимпын сангийн хөрөнгөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөр нь олимпод оролцохын тулд өөрийн ур чадвар, хүч чадлаа эх орныхоо төлөө зориулсан тамирчин бүрт хүрч буй буцалтгүй тусламж юм.
"Fit for the Future Olympian Grant" хөтөлбөрийг “Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадмын оролцогч тамирчин бүрт хэрэгжүүлэхээр болсон. Итали улсад өнгөрөгч хоёрдугаар сард болсон өвлийн олимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцсон билээ. Мөн өвлийн наадамд манай улсаас гурван тамирчин анх удаа эрх биелүүлэн оролцсон тохиодол болсон. Тэр дундаа уулын цанын төрлөөр Алтанзулын Ариунбат олимпын наадамд уралдсан анхны монгол цаначин болсон билээ. Монголчуудын уламжлалт гүйлтийн цанын төрөлд олон улсын хэмжээний мастер Батмөнхийн Ачбадрах, Энхбаярын Ариунтунгалаг нар оролцсон. Олимпын гурван наадамд дараалан уралдсан Б.Ачбадрахын хувьд цаначдын олимпод гаргасан мөрийг шинэчилсэн. Түүний хувьд эх орондоо өвлийн олимпын наадмын эрхийг анхлан авснаас гадна гурван олимпын наадамд тугчаар ажилласан гээд бахархалт амжилтыг бичсэн удаатай. Тэгвэл энэ долоо хоногт Швейцарт хуралдаж буй ОУОХ-ны 146 дугаар чуулганаар Олимпын тамирчдыг дэмжсэн онцгой тэтгэлэгийг зарлалаа.
