
(Рю Мүракамигийн гэгээн дурсгалд)
Зарим зохиолч хүний сэтгэлд гэрэл асаадаг бол зарим нь бидний харахыг хүсдэггүй түнэр харанхуйг гэрэлтүүлдэг. Харин Рю Мүраками харанхуйг гэрэлтүүлэхдээ түүнийг улам хар бараан болгож, тэндээс өөрсдийнхөө дүрийг олж харахыг бидэнд тулган шаардсан юм.
Японы утга зохиолын нэгэн догшин дуу хоолой нам гүмд уусан шингэлээ. Өөрийн цаг үеийнхээ өнгөлөг хуурмаглалд итгэж явсан хүмүүст итгэхийн аргагүй дүр зургуудыг нээн үзүүлж, нийгмийнхээ цэвэр цэмцгэр нүүрний цаана нуугдсан ялзрал, өнчрөл, уур хилэнг уран зохиолын цэвэрлэгч хөвөнгөөн цуулан хөндсөн зохиолч Рю Мүраками 74 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Тэрбээр уншигчдад амар амгалан бэлэглэх гэж үзэг барьсангүй. Хүний сэтгэлийг аргадан тайтгаруулах, амьдралын хатуу ширүүнийг уран үгээр зөөллөн халхлах, зовлонг эцэст нь ямар нэгэн гэгээн сургамж болгон хувиргах гэж ч бичсэнгүй. Харин ч бидний дотор аль хэдийн орших, нэрлэхээс ч эмээдэг тэрхүү эвгүй мэдрэмжүүдийг гаргаж ирээд өмнө маань тавьсан билээ. Тэдгээрийг харахгүй өнгөрөх аргагүй болгов.
Түүний зохиолуудыг уншиж суухдаа заримдаа хүний бие махбодын хязгаар хаана дуусаж, сэтгэлийн сүйрэл хаанаас эхэлдгийг ялгах аргагүйд хүрдэг сэн. Хүчирхийлэл, мансуурал, бэлгийн хүсэл, харгислал, хоосрол, утга учраа алдсан амьдрал — эдгээр нь Мүракамигийн хувьд уншигчдыг цочроох төдий хэрэглэгдэхүүн бус, орчин цагийн хүний оршихуйн эмгэгийг илрүүлэх шинж тэмдгүүд байлаа. Тэрбээр өвчнийг гоо сайхны хэмжигдэхүүнээр далдалсангүй. Харин ч шархыг нь нээн ярж, доторхыг нь бидэнд үзүүлэв.
Рю Мүраками 1952 онд Японы Нагасаки мужийн Сасэбо хотод төржээ. Америкийн цэргийн бааз байрлах эл нутаг түүний ертөнцийг үзэх үзэл, уран бүтээлийн эхэн үеийн орчинд тодорхой ул мөрөө үлдээснийг зохиол бүтээлүүд нь гэрчилнэ. Ахлах сургуульд байхдаа рок хамтлагт бөмбөр нүдэж, оюутан ахуйдаа бичсэн анхны романаараа Японы утга зохиолын ертөнцөд шуугиан тарьсан Рю эхнээсээ л бусдын гаргасан бүдэг жимээр алхах хүн биш гэдгээ зарлан тунхаглав. 1976 онд хэвлэгдсэн “Бараг л нэвт харагдах цэнхэр” роман нь түүнд Гүнзогийн шинэ зохиолчийн шагнал болон Акутагавагийн нэрэмжит шагналыг авчирсан юм. Тэр үед ид хориодхон настай байсан залуу зохиолч Японы нийгэм өөрийнхөө тухай ярьж заншсан өгүүлэмжийг орвонгоор нь эргүүлж орхисныг бид өнөө ч уншиж тунгааж болно. Эл романыг нь Нил паблишн Б.Уранзаяагийн бахтай сайн орчуулгаар эрхлэн гаргасан нь бий.
Япон гэдэг улс өдгөө сахилга бат, хөдөлмөрч зан, ёс журам, эдийн засгийн үсрэлт, уламжлал ба шинэчлэлийн зохицол хэмээн дэлхий нийтэд ойлгогдож байна. Дайны дараах ялагдлаасаа өндийн босож, ирээдүй рүү итгэлтэй тэмүүлсэн үндэстний дүр зураг улмаа тодрох авч аливаа нийгэм гаднаа хэчнээн цэгцтэй харагдавч түүний сүүдэрт амьдралын өөр нэгэн хувилбар оршдгийг Мүраками илчилж, тэрхүү сүүдэр рүү бидний харааг эргүүлж чадсан юм. Тэрбээр Японы эдийн засгийн өсөлтийн бахархам түүхийг бус, өсөлт үсрэлтийнх нь гадна үлдсэн хүмүүсийг; үндэстнийхээ амжилтыг бус, амжилтын тухайх нийтлэг өгүүлэмжид багтаагүй залуусын дүр төрхийг; ирээдүй рүү тэмүүлэх нийгмийг бус, ирээдүйд итгэх шалтгаанаа алдсан үеийнхнийг дүрсэлжээ. Түүний зохиолын дүрүүд хүсэл тачаал, мансуурал, рок хөгжим, түр зуурын зугаа цэнгэл дунд амьдарна. Тэд эрх чөлөөтэй мэт. Хэн ч тэдэнд юу хийхийг нь зааварлахгүй, хэн ч амьдралыг нь хянахгүй. Гэвч эрх чөлөөнийх нь цаана хоосрол, таашаалынх нь цаана уй харуусал, бие махбодынх нь цаана хэнд ч үзүүлж чаддаггүй шарх бий. Энэ бол Мүракамигийн уран бүтээлийн гол зөрчлүүдийн нэг болгон сонгож авсан шугам. Энэ ч утгаараа Мүраками зөвхөн залуусын тухай бичсэнгүй; хүсэл тачаал, хэрэглээ, зугаа цэнгэлээр өөрийнхөө дотоод хоосролыг дүүргэх гэж оролддог орчин цагийн хүний тухай бичсэн юм.
Монгол хэлээр уншигчдад хүрсэн “Бараг л нэвт харагдах цэнхэр” роман бол Мүракамигийн уран бүтээлийн мөн чанарыг танихад онцгой чухалд тооцогдох бүтээл. Уг романыг уншаад төрсөн хамгийн эхний сэтгэгдэл бол цочрол. Зохиолч хүний бие махбод, мансуурал, бэлгийн харилцаа, хүчирхийлэл, сэтгэлийн эвдрэл зэргийг уншигчдын дассан уран сайхны зайнаас холдуулж, бараг л нүүр тулган нэвт харуулна. Зохиолч үйл явдлыг гоё сайхан үгсээр халхалж, таагүй мэдрэмжийг ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд хүртэл зөөлрүүлэхийг эрмэлзсэнгүй. Гэтэл уг романы үнэ цэн нь хэр зэрэг цочирдом зүйлс дүрсэлсэндээ бус, харин ч тэдгээрийн цаана ямар ертөнц оршиж байсныг мэдрүүлдэгт оршино. Зохиолын үйл явдал Америкийн цэргийн баазыг түшсэн Японы жижиг хотод өрнөнө. Тэр нь Америкийн соёлын нөлөө, рок хөгжмийн хэмнэл, мансуурал, бэлгийн эрх чөлөө, залуусын дураараа амьдрах хүсэл нэгэн дор огтлолцсон газар. Гэвч энэ бүхний цаана улс төр, түүх, нийгмийн давхарга, соёлын эрх мэдлийн тухай асуудлууд нуугдах аж. Цэргийн бааз бол зүгээр нэг стратегийн байгууламж биш, дайны дараах дэлхийн эрх мэдлийн харьцаа, нэг үндэстний нутагт нөгөө үндэстний хүч оршин байхын учир шалтгаан, өөрийн гэсэн амьдралаа бүтээх гэж буй хүмүүсийн хязгаарлагдмал нөхцлийг сануулна. Баазын ойролцоо амьдрах залуусын ертөнцөд гаднын соёлын нөлөө, таашаал, хүч чадал, эрх мэдлийн ялгаа ч арилан балартлаа сүлэлдэнэ. Гэхдээ Мүраками энэ бүхнийг нийгмийн онолын хуурай тайлбар болгон өгүүлээгүй, том түүхийн нөлөөг жижиг хүний амьдралаар мэдрүүлсэн нь уран.
Түүх бидний дээрээс бууж ирэхдээ дандаа туг далбаа, төрийн тэргүүн, гэрээ хэлэлцээрийн дүрээр үзэгддэггүй байх нь. Заримдаа нэгэн залуугийн шөнөжин унтаж чадалгүй хөрвөөх биеэр, өөрийн бодит оршихуйгаа мэдрэхээ байтлаа мансуурах хүсэл, хэн нэгэнтэй зуурхан ойртох авч улам ганцаардах сэтгэлээр илэрдэг. Цэнхэр өнгө хүнд тунгалаг, хөнгөн, алсын, бараг л барьж боломгүй зэрэглээ мэт мэдрэмж төрүүлнэ. Харин “бараг л нэвт харагдах” хэмээх тодотголд ил тод байдал ба нуугдмал үнэний хооронд хярзан лугаа адил өчүүхэн эмзэг зай оршино. Нэвт харагдаж байгаа юм шиг атлаа цаана нь юу байгааг бүрэн мэдэх аргагүй. Ил тод байдал гэдэг ойлгогдож байхын нэр биш ажээ. Хүн өөрийнхөө тухай бүхнийг харуулж болох ч өөрийгөө хэнд ч ойлгуулж чадалгүй үлдэж болно. Хамгийн ойр дотно харилцаанд ч сэтгэлийнхээ хамгийн алслагдсан цэгт ганцаараа хоцрох тохиол бий. Мүракамигийн дүрүүдийн эмгэнэл чухам үүнд оршин байх шиг. Тэд бусадтай бие махбодоороо ойртож чадна. Гэвч дотоод ертөнцөөрөө ойртож чадах эсэх нь мэдээж хэрэг өөр асуудал. Тэд таашаалыг мэдэрч чадна. Гэвч аз жаргалыг мэдэрч чадах эсэх нь ондоо хэрэг. Тэд амьдралынхаа агшин бүрийг хүчтэй мэдэрч байгаа мэт боловч тэр мэдрэмжийнхээ дундаас амьдралын утга учрыг олж чадахгүй нь үнэн. Хамгийн аймшигтай нь тэдний зовлон үргэлж хашхираан, уйлаан, тусламж хүсэх цөхрөлөөр илэрдэггүйд байнам. Заримдаа зовлон гэдэг нь юу ч болоогүй мэт үргэлжилж буй өдөр тутмын амьдрал гэлтэй надад санагдана. Хүн өөрийнхөө сүйрэлд дасаж болдог ажээ. Өвдөлтийг хэвийн үзэгдэл хэмээн ойлгож даван туулсаар байж чаддаг байх нь. Өөрийгөө хамгаалах чадвараа алдсанаа эрх чөлөө хэмээн эндүүрч ч мэднэ.

Иймээс энэ роман уншигчдад таагүй мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ нэгэн эвгүй асуулт тавьдаг нь: бидний ёс суртахуун хэмээн нэрлэдэг зүйл үнэхээр хүнийг хамгаалж байна уу, эсвэл нийгэм өөрийнхөө цэвэр дүр төрхийг хадгалахын тулд зарим хүнийг анзаарахгүй байх замыг сонгож байна уу? Мүракамигийн дүрүүдийг зөвтгөх шаардлагагүй. Гэхдээ тэднийг харахгүй өнгөрөхөд үнэхээр амаргүй. Уран зохиолын хүч чадал заримдаа хүнийг өрөвдөхөд бус, өрөвдөхөөсөө өмнө түүнийг харахыг шаардахад оршдог байж ч мэднэ. Тэгэхээр Мүракамигийн тухай ярихад түүний бүтээлүүдийн харгис, илэн далангүй, заримдаа уншигчдын сэтгэл зүйг гэмтээхүйц дүрслэлийг тойрч гарах боломжгүй. Гэвч энэ бүхнийг зөвхөн өдөөн хатгалга, шуугиан тарьсан сэдвийн хүрээнд тайлбарлавал түүний уран бүтээлийн амин сүнсийг алдчихна. Тэр үзэшгүй муухай зүйлийг үзэсгэлэнтэй болгон хувиргахыг зорьсонгүй. Харин үзэшгүй муухай зүйлс аль хэдийн бидний ертөнцөд оршин буйг л харуулсан хэрэг. Энд л түүний уран сайхны эрсдэл бий. Зохиолч уншигчийн таашаалд нийцэхийн тулд дүрүүдээ заавал сайхан сэтгэлтэй, үйл явдлаа заавал утга учиртай, төгсгөлөө заавал найдвар төрүүлэхүйц болгоод байх албагүй. Учир нь харгислалыг дүрсэлж буй зохиолч өөрөө харгислалын тухай ямар байр суурьтай байгааг нь уншигч өөрөөсөө асууж, мэдэхийг эрмэлзэх хэрэгтэй юм.
Мүракамигийн зохиолуудад хүчирхийлэл, бие махбодын доройтол, хүний сэтгэлийн хар бараан хүсэл илрэн гардаг хэдий ч үүнийг нь зохиолч тэдгээр зүйлийг зөвтгөж байна хэмээн ойлгож болохгүй! Дүрслэл бол баталгаа биш. Харин уран сайхны бүтээл тухайн дүрслэлээрээ юуг илрүүлж, юуг шүүмжилж, юуг уншигчийн өмнө нээлттэй үлдээж байгааг анзаарах нь чухал. Түүний хэл найруулга киноны камер шиг ажиллах нь ч бий. Орчныг хэт чимэглэлгүйгээр харуулах, дүрүүдийн хоосролыг том тайлбар бус, бодит үйлдэл, таагүй агшнаар илэрхийлэх арга барил нь уншигчийг үйл явдлын гаднах аюул осолгүй орчинд үлдээх биш харин ч аюул осол руу татан оруулдаг. Рю бидэнд юу бодохыг заахын оронд юунаас нүдээ буруулаад байгааг маань илчлэн харуулахыг зорьсон мэт. Учир нь бид уран зохиолоос дандаа гоо сайхан, ухаарал, өрөвдөх сэтгэл, амьдралын утга учрыг хайсаар иржээ. Гэтэл зарим бүтээл бидний хайсан зүйлсийг өгөхийн оронд тэдгээрийг хайх болсон шалтгааныг маань эргэн сануулдаг. “Бараг л нэвт харагдах цэнхэр” бол тийм бүтээл. Өөд болсных нь дараагаас түүний хуудсуудыг онгичин суухдаа амьдралын тухай бэлээхэн сургаал олоогүй ч хүнийг гагц өөрийнх нь үйлдлээр хэмжихэд хэтэрхий амархан, нийгмийг зөвхөн амжилтаар нь үнэлэхэд хэтэрхий өнгөц, эрх чөлөөг зөвхөн хориггүй байдлаар ойлгож тайлбарлахад хэтэрхий гэнэн байдгийг мэдэрч ойлгосноо хэлье.
Рю Мүракамиг түүний үеийн өөр нэг алдартай зохиолч болох Харуки Мүракамитай нэрээр нь андуурах нь бий. Гэвч уран бүтээлийнх нь ертөнцүүд тэс өөр. Харуки Мүракамигийн зохиолуудад ганцаардал, дурсамж, далд ухамсар, бодит ба зүүдний зааг бүдгэрэн сарних нь элбэг. Рю Мүраками харин хүний дотоод хоосролыг нийгмийн бодит орчин, бие махбод, хүчирхийлэл, хэрэглээ, эрх мэдлийн харилцаатай шууд тулгаж өгүүлдэгт би хувьдаа дуртай. Түүний бүтээлүүдийн ертөнцөд үзэсгэлэнтэй зүүдэнд умбах боломж ховор. Харин сэрүүн байхдаа харахыг хүсээгүй зүйлтэйгээ нүүр тулах шаардлага олон.
“Тээш хадгалах савны хүүхдүүд” романд (Тэгшээгээс олж уншсанаар) хаягдсан хүүхдүүдийн хувь заяагаар дамжуулан нийгмийн харгислал, хүний оршихуйн шарх, сүйрэл, өш хонзонгийн тухай өгүүлнэ. Эдгээр бүтээлийг нэгтгэж буй зүйл нь харгислалын тухай сонирхол төдий бус нийгэм өөрийнхөө ертөнцийн төвөөс гадуурхан түлхсэн хүмүүсийг уран зохиолын төвд авчрах оролдлого хэмээн харна. Түүний дүрүүд ихэнхдээ амьдралынхаа утга учрыг олсон хүмүүс биш. Харин ч утга учрыг хайх боломж нь хумигдсан, өөрийгөө болон бусдыг ойлгох чадвар нь сэвтсэн, заримдаа бусдад учруулсан хор хөнөөлөө ч ухамсарлах тэнхэлгүй болсон хүмүүс байдаг. Тэдний тухай бичихэд зохиолчоос онцгой зориг шаардагддаг юм шүү. Учир нь уншигчдад таалагдахгүй байх, буруугаар ойлгогдох, хэтэрхий харгис хэмээн шүүмжлэгдэх ч эрсдэл бий. Гэвч уран зохиолын хил хязгаар уншигчдын таашаалаар тогтох ёсгүй. Заримдаа нийгмийн өөрийнх нь тавьсан хязгаарыг шалгахын тулд зохиолч тэр хязгаарт хүрч очих шаардлагатай болдог. Мүраками тийм хил хязгаарыг олонтоо давжээ. Мэхийн хүндэтгэвэл зохино. Түүний бүтээлүүд бүгдэд таалагдах албагүй. Харин уншигч бүрийг ямар нэгэн байдлаар байр сууриа эргэцүүлэхэд хүргэдэг нь түүний уран бүтээлийн ач холбогдол мөн билээ. Тэрбээр бидэнд хүний сэтгэлийн харанхуйг шинээр нээж үзүүлээгүй. Харин бидний мэддэг хэр нь ээ төдийлөн анхаарахыг хүсдэггүй тэрхүү харанхуйг өөр өнцгөөс харуулсан юм.
Рю Мүракамигийн зохиолуудыг зөвхөн Японы нийгмийн тодорхой цаг үеийн баримт болгон унших нь учир дутагдалтай. Тэдгээрийн гол асуултууд өнөөдөр ч амьд хэвээр. Хөгжил гэж юу вэ? Хүн илүү их зүйл хэрэглэдэг болохыг хөгжил гэх үү, эсвэл амьдралаа ойлгох, бусдыг хайрлах, өөрийнхөө оршихуйд утга учир өгөх чадвар нь нэмэгдэхийг хөгжил гэх нь юм зөв үү? Эрх чөлөө гэж юу вэ? Хэн ч бидэнд хориг саад тавихгүй байхыг эрх чөлөө гэх үү, эсвэл өөрийн хүсэл, айдас, дон, нийгмийн тулгалтад сохроор захирагдахгүй байх чадварыг эрх чөлөө гэх юм уу? Хүн амжилтад хүрсэн ч дотроо хоосон, нийгэм хүчирхэгжсэн ч хүмүүс нь ганцаардлын балчигт хатна. Гэрлээр дүүрсэн хот дахь харанхуйд төөрсөн дүрүүд. Эдгээр нь зөвхөн Японы тухай асуулт биш ээ. Бидний амьдарч буй өнөө цагт хэрэглээний боломж нэмэгдэж, хүслээ илэрхийлэх орон зай тэлж, хүн бүр өөрийнхөө амьдралыг бусдад үзүүлж гайхуулах боломжтой болжээ. Гэвч ажаад байх нь ээ бусдад өөрийгөө харуулах нь өөрийгөө танихтай адилгүй аж.
Нийгэм бидэнд амьдралын амжилтыг хэмжих олон хэмжүүр санал болгодог. Хэдий хэмжээний хөрөнгөтэй байх, ямар байр суурь эзлэх, юу өмсөх, хаашаа аялах, юуг хэрэглэж чадах зэрэг нь амжилтыг батлан харуулдаг гэнэ. Харин мөнөөх хүн маань дотроо хэр зэрэг бүтэн үлдсэн, өөрийгөө хүндэтгэх чадвараа хадгалсан эсэх, бусдын зовлонг мэдрэх сэтгэлтэй хэвээр байгаа эсэхийг хэмжих арга тун цөөхөн байгаа нь анзаарагдана. Мүракамигийн зохиолууд энэ үл үзэгдэх орон зайд анхаарал хандуулдаг тул алга таших нь зүйтэй. Түүний дүрүүдийг өнөөгийн хэрэглээний нийгмийн шууд төлөөлөл гэж үзэх нь хэт хялбарчилсан тайлбар болох ч тэдний цаасан дээрх амьдралаас бид нэгэн түгшүүртэй асуултыг олж харж болно. Хүн хүссэн зүйлээ олж авахын төлөө тэмцсээр байгаад эцэст нь хүсэх чадвараа ч алдвал яах вэ? Амьдралын утга учрыг гаднаас худалдан авч болдоггүй. Хоосролыг эд зүйлээр дүүргэж болох ч арилгаж, илаарьшуулж чадах уу? Ганцаардлыг түрхэн зуур мартаж дөнгөх ч даван туулж чадна гэж үү? Энэ бол Мүракамигийн уран бүтээлийг өнөөдөр дахин унших нэгэн шалтгаан болой. Мүраками бидэнд аз жаргалын тухай жор үлдээсэнгүй; аз жаргал хэмээн нэрлэж дассан зүйлсийн маань цаана юу орхигдож буйг асуух боломж үлдээжээ.
“Бараг л нэвт харагдах цэнхэр” монгол хэлээр хэвлэгдсэн нь миний хувьд, бидний хувьд онцгой ач холбогдолтой. Учир нь орчуулгын ном гэдэг харь улс оронд буй хүний зовлон, өөр цаг үеийн нийгмийн зөрчил, өөр соёлын эмзэг цэгийг өөрийн хэлээр бодож үзэх боломж олгоно. Япон зохиолчийн бүтээлийг монгол хэлээр уншихдаа бид Японы тухай мэдлэгээ нэмэгдүүлээд зогсохгүй, Монголын тухай өөрөөр бодох боломжийг олж авдаг. Өөр нийгмийн харанхуйг мэдрэхдээ өөрийн нийгмийн гэрэл гэгээг хаанаас тусаж буйг, ямар зүйлсээ бид улам ихээр гэрэлтүүлж, ямрыг нь сүүдэрт үлдээснийг анзаарч болно. Энэ бол утга зохиолын орчуулгын нандин өгөөж. Ном өөр хэлнээс ирэхдээ зөвхөн зохиолчийн дуу хоолойг чирч ирдэггүй; уншигчийн эх хэлэнд шинэ асуулт, шинэ мэдрэмж, урьд өмнө нь анзаарч байгаагүй бодол, боломжийг хамт авчирдаг. Зарим ном бидний хэлэнд шинэ үг нэмдэг бол зарим нь бидний мэддэг үгсийн утгыг өөрчилдөг.
Уг бүтээлийг монгол хэлээр хүргэсэн орчуулагч Б.Уранзаяа, хэвлэн нийтэлсэн NIL Publishing-ийн хөдөлмөрийг ч энд дурдалгүй өнгөрч болохгүй. Учир нь нэгэн зохиолчийн ертөнцийг өөр хэлт уншигчдад хүргэнэ гэдэг утга зохиолын соёлын хооронд гүүр тавьж буй гавьяа.
Рю Мүракамигийн бие үгүй болжээ; гэвч түүний бичсэн үгс нь өөр хэлээр, өөр орны уншигчдын сэтгэлд үргэлжлэн амьдарсаар байнам. Өнөөдөр анх удаа “Бараг л нэвт харагдах цэнхэр” романыг нээж буй монгол уншигчийн хувьд Рю Мүракамигийн уран бүтээл үхлийн тухай мэдээ биш цоо шинэ зохиолчийг өөртөө нээж буй агшин болон үлдэнэ. Энэ утгаараа орчуулга дурсгал төдий зүйл биш амьд сэргэг харилцаа юм. Нэгэн зохиолчийн хэлж чадаагүй үгсийг өөрийн хэлээр үргэлжлүүлэн сонсох боломж юм. Нэгэн цаг үеийн зовлонг өөрийн цаг үеийн асуулт болгон хувиргах уран чавдар юм. Хэзээ ч уулзаж байгаагүй хүний сэтгэл зүрх, эмзэглэлтэй номын хуудсаар дамжин ээнэгших боломж ч мөн юм. Магадгүй зохиолчийн гэгээн дурсгалыг хүндэтгэх хамгийн утга учиртай арга нь магтаалын үгээр түүнийг өөгүй хүн болгон хувиргах бус, бүтээлийнх нь үнэ цэнийг шударгаар таниулах явдал болов уу. Рю Мүраками бидэнд сайхан амьдралын тухай мөрөөдөл үлдээгээгүй байж мэднэ. Харин сайхан амьдралын тухай бидний төсөөлөлд юу орхигдон үлддэгийг эргэцүүлэх боломжийг өгчээ. Тэрбээр хүнийг ариусган алдаршуулаагүй, харин хүн ариун байх тухай өөрийнхөө ойлголтыг эргэн харахад хүргэсэн юм. Тэрбээр харанхуйг гэрэл болгож хувиргаагүй. Харин харанхуйд юу нуугдаж байгааг харахын тулд нүдээ дасгах шаардлагатайг сануулсан юм. Энэ бол уран зохиолын өөр нэг төрлийн гэрлийн тухай яриа юм. Одоо түүний нэрийг дурсан санахуй “Бараг л нэвт харагдах цэнхэр” хэмээх гарчиг л тувт бодогдоно. Бараг л нэвт харагдах…
Бидний амьдрал ч бас тийм л шүү дээ. Бид хэдий бусдад үзүүлэхэд бэлэн дүр төрх, хэлэхэд амархан тайлбар, бусдын өмнө хамгаалж чадах итгэл үнэмшилтэй ч гэлээ дотроо юу болж байгааг өөрсдөө ч бүрэн дүүрэн ойлгохгүй явна бус уу? Бид өөрсдийнхөө тухай өгүүлдэг ч өөрсдийгөө бүрэн таньж чаддаггүй. Бусдын амьдралыг ажигладаг ч тэдний сэтгэлийн гүнд юу болж байгааг тэр бүр мэддэггүй. Магадгүй уран зохиол гэдэг тэр л үл үзэгдэх орон зайд хүрэх гэсэн хүний хичээл зүтгэл, билэг авьяас, махруу оролдлого юм болов уу? Зарим зохиолч тэр орон зайд цэцэг тарина. Зарим нь дэнлүү асаана. Харин Рю Мүраками тэнд нуугдсан шархыг ил гаргаж, бидний дунд өмхий самхай үлдээлээ. Түүний бүтээлүүд биднийг тайвшруулахгүй, тайтгаруулахгүй. Зарим хуудасных нь хэтэрхий хатууг, зарим дүрийнх нь хэтэрхий хүнлэг бусыг, зарим дүрслэл нь хүлээн зөвшөөрөхөд бэрхтэй байсныг санаж байна. Гэвч түүний бичсэн нь өөрийнх нь дотор нуугдсан шарх, амьдарч буй нийгэм, туулсан түүх, хүсэж мөрөөдсөн зүйлс, алдсан боломжуудынх нь нийлбэр билээ. Рю Мүраками тэр нийлбэрийг тайлбарлаж дуусгаагүй. Магадгүй дуусгах боломж ч байгаагүй биз ээ. Одоо энэ дуу хоолой нам гүм болжээ. Гэлээ гэхдээ түүний номыг нээх агшнаа тэрхүү дуу хоолой нам гүмийн цаанаас дахин сонсогдож таарна. Рок хөгжмийн хэмнэл, шөнийн хотын чимээ, төөрөлдсөн залуусын амьсгал, хэлж чадаагүй үгс, үл ойлгогдох ганцаардлууд цаасан дээрх амьдралаа үргэлжлүүлсээр. Бид номоо хааж болох ч бидний дотор нээсэн асуултад хариу зооход хэтэрхий эрт байна. Хүний сэтгэлийн харанхуйг бичсэн зохиолчийн тухай хэлэх сүүлчийн үг минь магадгүй энэ байх. Тэр биднийг харанхуйг хайрла гэсэнгүй, харанхуй байдгийг мартахгүй байхыг л сануулжээ. Таны бичсэн цэнхэр ертөнц бараг л нэвт харагдах ажээ. Гэвч түүний цаана чухам юу нуугдаж буйг эргэцүүлэх ажил бидэнд одоо ч байсаар.
Баяртай, Рю.

Магадгүй зохиолчийн гэгээн дурсгалыг хүндэтгэх хамгийн утга учиртай арга нь магтаалын үгээр түүнийг өөгүй хүн болгон хувиргах бус, бүтээлийнх нь үнэ цэнийг шударгаар таниулах явдал болов уу. Рю Мүраками бидэнд сайхан амьдралын тухай мөрөөдөл үлдээгээгүй байж мэднэ. Харин сайхан амьдралын тухай бидний төсөөлөлд юу орхигдон үлддэгийг эргэцүүлэх боломжийг өгчээ. Тэрбээр хүнийг ариусган алдаршуулаагүй, харин хүн ариун байх тухай өөрийнхөө ойлголтыг эргэн харахад хүргэсэн юм. Тэрбээр харанхуйг гэрэл болгож хувиргаагүй. Харин харанхуйд юу нуугдаж байгааг харахын тулд нүдээ дасгах шаардлагатайг сануулсан юм. Энэ бол уран зохиолын өөр нэг төрлийн гэрлийн тухай юм. Одоо түүний нэрийг дурсан санахуй “Бараг л нэвт харагдах цэнхэр” хэмээх гарчиг л бодогдоно. Бараг л нэвт харагдах…
Бидний амьдрал ч бас тийм л шүү дээ. Бусдад үзүүлэхэд бэлэн дүр төрх, хэлэхэд амархан тайлбар, бусдын өмнө хамгаалж чадах итгэл үнэмшилтэй атлаа дотроо юу болж байгааг өөрсдөө ч бүрэн дүүрэн ойлгохгүй явна. Бид өөрсдийнхөө тухай өгүүлдэг ч өөрсдийгөө бүрэн таньж чаддаггүй. Бусдын амьдралыг ажигладаг ч тэдний сэтгэлийн гүнд юу болж байгааг тэр бүр мэддэггүй. Магадгүй уран зохиол гэдэг тэр л үл үзэгдэх орон зайд хүрэх гэсэн хүний оролдлого юм болов уу? Зарим зохиолч тэр орон зайд цэцэг тарина. Зарим нь дэнлүү асаана. Харин Рю Мүраками тэнд нуугдсан шархыг ил гаргаж, бидний дунд өмхий самхай үлдээлээ. Түүний бүтээлүүд биднийг тайвшруулахгүй, тайтгаруулахгүй. Зарим хуудасных нь хэтэрхий хатууг, зарим дүрийнх нь хэтэрхий хүнлэг бусыг, зарим дүрслэл нь хүлээн зөвшөөрөхөд бэрхтэй байсныг санаж байна. Гэвч түүний бичсэн нь өөрийнх нь дотор нуугдсан шарх, амьдарч буй нийгэм, туулсан түүх, хүсэж мөрөөдсөн зүйлс, алдсан боломжуудынх нь нийлбэр билээ. Рю Мүраками тэр нийлбэрийг тайлбарлаж дуусгаагүй. Магадгүй дуусгах боломж ч байгаагүй биз ээ. Одоо энэ дуу хоолой нам гүм болжээ. Гэлээ гэхдээ түүний номыг нээх агшнаа тэрхүү дуу хоолой нам гүмийн цаанаас дахин сонсогдох болно. Рок хөгжмийн хэмнэл, шөнийн хотын чимээ, төөрөлдсөн залуусын амьсгал, хэлж чадаагүй үгс, үл ойлгогдох ганцаардлууд цаасан дээрх амьдралаа үргэлжлүүлсээр. Бид номоо хааж болох ч бидний дотор нээсэн асуултыг хаахад эрт байна. Хүний сэтгэлийн харанхуйг бичсэн зохиолчийн тухай хэлэх сүүлчийн үг минь магадгүй энэ байх. Тэр биднийг харанхуйг хайрла гэсэнгүй, харанхуй байдгийг мартахгүй байхыг л сануулжээ. Таны бичсэн цэнхэр ертөнц бараг л нэвт харагдах ажээ. Гэвч түүний цаана чухам юу нуугдаж буйг эргэцүүлэх ажил л бидэнд үлдлээ.
Баяртай, Рю Мүраками.
Батхүүгийн Батзаяа