
Польшийн эрх баригчид наймдугаар сард тус улсад айлчилж байсан Украин гаралтай Америк репперийг Оросын тагнуулын алба хөнөөхийг завдсан гэж мэдэгдэв.
Уг төлөвлөгөө нь Украины болон АНУ-ын иргэншилтэй, Kyivstoner нэрээр уран бүтээлээ туурвидаг реппер Альберт Васильевийг онилсон аж. Польшийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мачей Вевиор ням гарагт Associated Press агентлагт Васильевийг хөнөөх оролдлого Польш улсад болсон гэх мэдээллийг баталжээ. Польшийн Гадаад хэргийн яам “Энэ нь нэг хүний эсрэг хийсэн хоёр дахь аминд нь хүрэх гэсэн оролдлого байсан. Эхний оролдлогыг 2026 оны наймдугаар сард Польшийн нутаг дэвсгэрт таслан зогсоосон” гэж мэдэгджээ. Мөн уг хэрэгт Оросын иргэнийг баривчилсан гэж мэдээлсэн байна.
Польшийн эрх баригчид Москвагийн даалгавраар ажилласан гэж үзэж буй сэжигтнийг наймдугаар сарын 7-нд баривчилжээ.
Өмнө нь наймдугаар сарын 13-нд Польшийн Ерөнхий сайд Дональд Туск Варшав хотод Украин гаралтай америкийн иргэнийг хөнөөх төлөвлөгөөг таслан зогсоосон тухай мэдээлсэн. Тухайн үед тэрээр Васильевийн нэрийг хэлээгүй боловч бай болох хүн нь “Владимир Путины засгийн газарт тааламжгүй нэгэн” байсан гэж мэдэгджээ.
Васильев Оросын Украины эсрэг үргэлжилж буй дайны үеэр Украин улсыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Тэрээр Европ даяар аялан тоглолт хийж байсан ч аюулгүй байдлын шалтгаанаар зарим тоглолтоо цуцалсан аж.
Оросын Холбооны аюулгүй байдлын алба Васильевийг Москва муж дахь батлан хамгаалах үйлдвэрт хийсэн Украины халдлагад дрон нийлүүлэхэд оролцсон гэж буруутгажээ. Тэрээр Украины Дотоод аюулгүй байдлын албаны “ивээл дор” ажиллаж байсан гэж мэдэгдсэн байна.
Барууны албаныхан 2022 онд Москва Украины эсрэг бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш Орос болон түүний холбоотнууд Европ даяар олон арван халдлага болон бусад хэрэг явдлыг зохион байгуулсан гэж буруутгаж ирсэн ч ОХУ тухай бүрд нь няцаадаг.