
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тушаал гарган Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар хошууч генерал Р.Чингисийг томилж, бригадын генерал Ц.Ням-Очирыг чөлөөлжээ. Ц.Ням-Очир нь 2020 оны долоодугаар сараас хойш Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм.
Р.Чингис нь өнгөрсөн нэгдүгээр сард Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан юм. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төмөр замын хэлэлцээрийг хийсэн цагаас эхлээд жагсаал цуглаан хийж эхэлсэн. Жагсаалыг П.Цагаан, түүний хүү мөн Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис дүү Р.Саруулын хамт санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компани тэдний ард бий" хэмээн мэдэгдээд байсан юм. Гэвч Р.Чингис нь нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандаж ялалт байгуулсан.