
“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Ерөнхий сайд Г.Занданшатартай өчигдөр уулзлаа. Энэ үеэрээ Рио Тинто Зэсийн группийн гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв. Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюутолгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэлэв.
Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ сарын 5-нд илгээсэн захидалдаа Оюутолгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон.
Рио Тинто Зэсийн группийн гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюутолгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна. Мөн Оюутолгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.
“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдэв.