
“2024 оны сонгуулиар МАН-ын ухуулагчаар ажилласан. Дарга нарынхаа тушаалаар сонгогчдод мөнгө тараасан. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, биднээс мөнгө илрүүлсэн нь үнэн. Гэвч нэр дэвшсэн хүмүүс нь даргаа хийгээд, би тэдний өмнөөс жил гаруйн турш хуулийн байгууллагаар шалгуулж байна. Энэ асуудлыг шийдэж өгөөч, би эргээд хэвийн амьдралдаа ормоор байна шүү дээ” хэмээн нэгэн эмэгтэй УИХ-ын дарга Н.Учралыг өнгөрсөн сард Хангайн бүсэд ажиллаж, иргэдтэй уулзах үеэр учирлажээ.
Тухайн үед Хангайн бүсэд МАН-аас одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаяр, МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн асан С.Чинзориг, УИХ-ын гишүүн асан Г.Ганболд, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Даваадалай нар нэр дэвшсэн байна. Тэгэхээр дээрх эмэгтэй эдгээр улстөрчийн сонгуулийн штабт ажиллаж, даалгаврыг нь биелүүлснийхээ төлөө ялыг нь үүрч яваа гэсэн үг. Эмэгтэй торгуулаад өнгөрөх байх. Учир нь санал авах зорилгоор сонгогчдод мөнгө тараасан хэргийг манайд Зөрчлийн тухай хуулиар л шийдэж ирсэн туршлага бий. УИХ-ын сонгуулийн тухай хуульд мөнгө, эд зүйл тараах, үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг хориглоод 10 гаруй жил өнгөрсөн. Гэвч баримт нь байгаад ч нэр дэвшигчид нь хариуцлага тооцож, эгүүлэн татсан жишээ үгүй. Учир нь тийм хууль, эрх зүйн орчин байхгүй.
Хангайн бүсэд нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн 2023 оны гуравдугаар сард ахмадуудтай уулзахдаа дугтуйтай мөнгө тарааж буй бичлэг эдүгээ ч интернэтэд бий. Гэвч хэн ч түүнд хариуцлага тооцоогүй. 2008 оны сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэнгийн туслах мөнгө тарааж буй бичлэг энэ төрлийн “хэрэг”-ийн анхдагч баримт болж байлаа. Гэвч бичлэг дээр дүр нь үлдсэн туслах залуу торгуулийн ял аваад, өнөөх нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн болсноор эл явдал дууссан. Дарга нарынхаа даалгавраар туслах, ажилтнууд нь мөнгө тараадаг ч шүүх дээр очихоор тэд сайн дураараа, бараг өөрийнхөө халааснаас үүнийг өгсөн болдог аж.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2012 онд мөнгө, бэлэг тараахыг хориглосон хугацааг тодотгон зааж өгчээ. Сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ээс санал хураалт дуусах хүртэл хугацаанд энэ бүхэн хориотой. Харин бусад үед нь “нээлттэй”. Тиймээс ч Б.Чойжилсүрэнгийн “балаг”-аас хойш улстөрчид, сонгуульд нэр дэвшихээр горилогчид 1-2 жилийн өмнөөс өрсөлдөх тойргоо эргэж, иргэдэд нь бэлэг, сэлт тарааж, эмнэлэг сувилал, аялалд хамруулах ажлаа хийдэг болсон юм. Он гарахаас өмнө амжиж бэлгээ тараана гэсэн үг. УИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн иргэдэд өөрийнхөө нэр, зургийг сийлсэн бидон тарааснаас хойш ийм хочтой болсон юм даг.
Сонгуулийн жил эхлэхээс өмнө энэ мэтээр элдэв бэлэг тарааж, эрүүл мэндийн үнэгүй үзлэгийн аян өрнүүлж, ер юу эсийг улстөрчид хийдэг. Хуулиар хориглосноос бусад хугацаанд бэлэг сэлт тараах нь “чөлөөтэй” юм чинь яах ч аргагүй. Нэгэнт хуулиар хариуцлага тооцдог тодорхой зохицуулалт байхгүй, нэр дэвшигч өөрөө биш, гуравдагч этгээд “сайн дураар” өгсөн болж таардаг учраас торгохоос хэтэрдэггүй зэрэг нь улстөрчдийг бүр өөгшүүлжээ. Эрчим хүчний сайд хийх гэж хөглөж, нийслэлчүүдийг идэр есийн хүйтнээр хөлдөөж, цахилгаангүй зутрааж яваа Б.Чойжилсүрэн бол санал худалдаж авч сонгогддог улстөрчдийн бодит жишээ. Анх удаа УИХ-ын гишүүн болох замаа мөнгө тарааж, санал худалдаж авч зассан тэрээр үүнээс хойш таван удаа тасралтгүй сонгогдоод буй юм. Тойргийн сонгогчдоо мөнгө, бэлэг сэлтээр “угжиж”, саналыг нь авсаар ийм олон удаа сонгогдсон байх нь. Хамгийн сүүлд тэрээр өнгөрсөн жил Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоор улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь аймагтаа зарцуулсан. Энэ бол тойргоо усалж, санал худалдаж авах ажиллагаа өрнүүлж буйн бодит жишээ шүү дээ. Гэвч хэн ч түүнтэй хариуцлага тооцдоггүй. Зүгээр л хүлээн зөвшөөрсөн байна.
Тэгвэл улстөрчдийн энэ ичих нүүрээ гээсэн, мөнгөөр “зодоод” улс төрд тавилга мэт оршиж болдог байдлыг таслан зогсоох оролдлогыг гишүүн Ж.Баярмаа эхлүүлсэн аж. Тэрээр Санал худалдан авахын эсрэг хуулийн төсөл санаачилжээ. Эдүгээ төсөлдөө санал авч, сонгогчдыг ямар арга замаар, хэрхэн худалдан авдаг төрлүүдийг илрүүлэхээр судалж буй гэнэ. Бүх л арга замыг нь хуулийн төсөлд тусган хориглохыг хичээж байгаагаа гишүүн бүсгүй ярьсан байна лээ. Улстөрчид, ялангуяа эрх баригч намын УИХ-ын гишүүн, сайд нар хууль тогтоомж батлан ашиг сонирхлоо гүйцэлдүүлдгийг ч тэрээр хөндөн, үүнийг хориглохоор ажиллаж буй юм байна.
Эрх баригч намынхан хууль баталж, далд аргаар сонгогчдын саналыг худалдан авах, татах ажиллагаа явуулдаг нь нууц биш. Хамгийн сүүлд 2024 онд Засгийн газраас “Шинэ хоршоо” хөтөлбөрийг сонгууль болохоос хоёр сарын өмнө баталж, малчдад зээл олгосон. Сонгуулийн үеэр гэнэт л ийм “гэгээн” санаачилга гаргаж, мөнгө тарааж буй нь санал авах, иргэдэд таалагдах үйлдэл мөн. Байгалийн баялгаас иргэн бүрд тэгш хүртээх тухай санаачилгыг 2012 онд Засгийн газраас гаргаж байв. Ингэснээр иргэн бүр 1072 хувьцаа эзэмших болсон юм. Баялгаасаа хувь хүртэх нь зүйн хэрэг. Гэвч эрх баригч намынхан хувьцааны ногдол ашгийг сонгуулийн өмнө, эсвэл ямар нэг байдлаар санал татах, таалагдах зорилгоор ашигладаг. Хүүхдийн мөнгийг ч ийм л зорилгоор анх бий болгосон билээ. Мөн сонгуулийн өмнө цалин, тэтгэвэр нэмэхээс эхлээд хуулийн хүрээнд, эрх мэдэл, давуу талаа ашиглан өөрийн намд оноо авах үйлдлийг эрх баригчид хийдэг. Энэ бүхэн нь сонгогчдын саналыг худалдан авч буй далд хэлбэр. Ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхдээ төсвийн мөнгийг хууль батлан ашиглаж байгаа арга заль юм. УИХ, Засгийн газраас гадна нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХын түвшинд ч эрх баригч нам ийм давуу эрх эдэлж, хууль, тогтоомжийн хүрээнд ашиг сонирхлоо гүйцэлдүүлэн, төсвийн мөнгөөр санал худалдан авах арга хэмжээ зохион байгуулж буй. Тиймээс Ж.Баярмаа гишүүн төсөлдөө “Сонгуулийн жилд улс, орон нутгийн төсөв, төрийн компаниудын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь хүртээх, бэлэн мөнгө тараах, нэг салбарыг онцлон хөнгөлөлттэй зээл олгох, өр төлбөрийг хүчингүйд тооцох, иргэд, аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэхийг хориглоно” гэжээ. Харин бэлэг сэлт, мөнгө тараах, үнэгүй үйлчилгээ үзүүлэх замаар сонгогчдын санал худалдан авах оролдлогыг улстөрчид бүх цаг үед хийхийг хориглохоор тусгаж буй аж.
Мөн Ж.Баярмаа “Сонгогчдын саналыг худалдан авах нь сонгуулийн авлига учраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээрх тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцуулахаар тусгасан” хэмээн ярьжээ. Одоогийн хуульд энэ тохиолдолд тооцох хариуцлага хангалтгүй. Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авдаг, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сар байна. Тухайн хэргийг шалгаж байх зуурт нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн болчихдог. Ингээд хуулиар хамгаалагдсан, бүрэн эрхтэй гишүүн болчихоод ялаас бултаж яваа хүн олон. Тэгвэл дээрх хуулийн төслийг баталчихвал санал худалдан авах оролдлого хийсэн улстөрчийг эгүүлэн татах боломж бүрдэх аж.
Өмнө нь Х.Баттулга гишүүн Ерөнхийлөгч байхдаа, мөн 2023 онд гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар санал худалдан авах зорилготой бэлэг, мөнгө тараадаг, үнэгүй элдэв үйлчилгээ үзүүлдэг байдлыг хугацаа харгалзахгүй, бүх цаг үед хориглох санаачилга гаргаж байв. Гэвч тэд үүнийгээ ажил хэрэг болгосонгүй. Тэгвэл Ж.Баярмаа гишүүний санаачилсан төсөл сонгуулийн авлигад эрүүгийн ял оноох, санал худалдан авах оролдлогод цаг хугацааны хязгаар тавихгүй байх, хувийнхаа мөнгөнөөс гадна эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хуулийн хүрээнд санал худалдан авах, иргэдэд таалагдах алхам хийж, үүндээ улсын төсвийн мөнгийг ашигладаг байдлыг хамруулж хориглоно гэдгээрээ ялгарна.
Уг хуулийн төслийг батлуулж чадвал маш өгөөжтэй. Өрсөлдөх хүмүүс тэгш гараанаас гарах, мөнгөөр биш, чадвар, мэдлэг, туршлагаараа сонгогдсон гишүүдтэй, мэргэжлийн парламент бүрдэх эхлэлийг тавих юм.
Тэр цагт иргэдийнхээ амьдралд нийцсэн, судалгаа, тооцоотой, хөрсөн дээр буусан хууль, шийдвэр гаргах байдал нь нэмэгдэнэ. Тэгвэл түүний төслийг УИХ-аар дэмжих үү. Эрх баригч МАН энэ парламентад 68 суудалтай. ХҮН, ИЗНН хамтарч Засгийн газар байгуулсан. Ийм нөхцөлд давуу тал, эрх мэдлээ ашиглан иргэдэд таалагдах, эх үүсвэртээ төсвийн мөнгийг зарцуулах боломжоосоо тэд татгалзана гэж үү.
Гэхдээ өргөн бариа ч үгүй байж бууж өгч болохгүй нь. АН-ынхан жинхэнэ сөрөг хүчин байж, буруу жишгээс татгалзаж чадах, үгүйгээ үүн дээр л харуулах учиртай болж байна. 42 хүнтэй сөрөг хүчин их зүйл хийж чадна. Тэгж чадах, эсэхийг хаврын чуулганаар бид бүгд харах болно.
С.Туул