
УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог эргэн харж, намын жагсаалтаар эрэмбэлдгийг зогсооё, нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх заалтыг халъя гэсэн уриалга идэвхжих болов.
Намын жагсаалтаар буюу сонгогчдын шууд бус саналаар парламентын босго давсан хэсэг гишүүний ёс зүйгүй, бүдүүлэг үйлдэл, хуулиа мөрддөггүй, зарчимгүй байдлыг ийнхүү “далимдуулах” сонирхол зарим эрэгтэй улстөрчид байх шиг.
Нийгэмд эмэгтэй улстөрчдийн талаарх сөрөг ойлголт түгээж, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэхийн төлөөх 30 гаруй жилийн тэмцлийг үнэгүйдүүлж буй хүмүүсийн тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг нэрлэнэ. Өнгөрсөн долоо хоногийн турш түүний ёс зүйг нийгмээр шүүн хэлэлцэв. Зуслангийн байранд нь хулгай орсон тухай тэрээр мэдээлж, улмаар энэ нь ахуйн хэрэг шиг харагдуулсан MCS, Ц.Элбэгдорж нарын зохион байгуулсан хэрэг хэмээв. Сүүлийн сар гаруйн турш “Жефри Эпштэйний файлууд”-ын талаар дэлхий даяар шуугьж, үүнд нь Монгол улстөрчдийн нэрс байгаа тухай ярьсан. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг тодотгож, дээрх Америкийн санхүүч эрийн хувийн харшдаа зохион байгуулдаг хууль бус, гаж үдэшлэг, арга хэмжээнд оролцсон гэв. Улмаар энэ яриа нь Ц.Элбэгдорж өргөж авсан 20 гаруй хүүхдээ “шарж идсэн” болж хавтгайрсан. Тэгмэгц М.Нарантуяа-Нара гишүүн тэдгээр хүүхдийг хайж олохоо мэдэгдсэн билээ. Үүнийхээ дараа тэрээр гэрт нь хулгайч орсныг экс Ерөнхийлөгчтэй холбосон нь “жүжиг”-ийн дараагийн анги л өрнөж буйг харуулаад байна. Асрах газраас нэг ангийн 26 хүүхэд өргөж авч, арваад жилийн турш өсгөсний эцэст асран хамгаалах хүмүүсийг нь олж хүлээлгэн өгсөн, одоо ч тэдэнтэйгээ холбоотой байдгаа Ц.Элбэгдорж тайлбарласан байна лээ. Мөн Жефри Эпштэйнтэй НҮБ-ын арга хэмжээний үеэр нэг удаа таарснаас өөр зүйлгүй гэжээ.
Ямартай ч Нара өөрт нь тохиолдсон “адал явдлыг” мэдээлэхдээ ёс бус үг ашиглаж, бусдыг харааж доромжлов, баримтаар, шүүхээр гэм бурууг нотлоогүй байхад бусдыг нэр заан гүтгэв. УИХ-ын гишүүн болсныг нь сануулж, ёс зүйгээ мөрдөхийг анхааруулсан хүмүүст “Ёс зүйгээ хошногондоо чих” хэмээн хариуллаа. Тэр бол ИЗНН-аас жагсаалтын хоёрт эрэмбэлэгдэн гишүүн болсон нэгэн. Хоёр жил орчмын хугацаа өнгөрсөн ч хууль тогтоогч, төрийн өндөр албан тушаалтан болсноо бүрэн ухаараагүй яваа юм. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд түүний байнга хийдэг бүх л үйлдлийг хориглосон. Бүрэн эрх, албан тушаалаа ашиглан аль нэг компанийн бизнесийг сурталчлах, дэмжих, мөн бусдыг доромжлох, баримтгүйгээр гүтгэх нь бүгд хориотой. Гэвч Нара үл тоосоор удлаа. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Д.Хэрлэн “Өргөдөл ирвэл хэлэлцэнэ. Гэхдээ өөртэй нь биечлэн уулзаж, сануулна” гэсэн бөөрөнхий хариу өгсөн юм. Тэгвэл иргэн Э.Энхгэрэл гэдэг хүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйгүй байдлыг хэлэлцэж, хариуцлага тооцож өгөх хүсэлт, өргөдлийг уг дэд хороонд гаргажээ. Тиймээс асуудлыг тэд хэлэлцэх үүрэгтэй болсон. Гэвч өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд сануулахаас илүү хатуу арга хэмжээ байхгүй, ийм бүдүүлэг, увайгүй төрснийх нь төлөө УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах боломжгүй. Тэгвэл түүнийг ийм өндөрт “залж”, эцэст нь намынхаа нэр хүндийг шавхайтай хутгуулж буй ИЗНН-ын дарга Б.Батбаатар хуулийн хүрээнд нэг алхам хийхээр болж, УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл боловсруулж буй, хаврын чуулганаар өргөн барина гэсэн мэдээлэл явсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр нэгэн хуулийн төсөл УИХ-д өргөн барихаар болсныг Тамгын газрын дарга нь мэдэгдлээ. Тэр нь УИХын гишүүнийг эгүүлэн татах үндсэн зорилготой төсөл ажээ. Энэ төсөл хэрэв хууль болон батлагдвал улс төрийн намыг хариуцлагажуулах үүднээс ёс зүйн хариуцлага гаргасан жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах гэнэ. Ямар боловч нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэгч болж мэдэх нь.
2024 оны сонгуулийн өмнө М.Нарантуяа-Нара ИЗНН-д элсэж, шууд намын дэд дарга болсон. Тэрээр өмнө нь хоёр ч удаа Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж байв. Гэвч намын дэмжлэг, нэр нөлөөгүйгээр ганцаараа хол явахгүй гэдгээ ухаарсан юм. Тиймээс ИЗНН-ыг сонгожээ. Тус намд ч Нарагийн шударга, тэмцэгчийн дүр төрх, олны танил байдал, дагагчдын тоо хэрэг болсон. Тэд харилцан нэгэндээ тусалсан. Гэвч өнөөх нь УИХын босго давмагцаа ИЗНН-ыг өөрөө л парламентад суудалтай болгосон мэт авирлаж, даргыгаа шүүмжилж, багаар ажиллаж чадахгүй гэдгээ харуулсан. Тиймээс ИЗНН-ынхан түүнийг дэд даргаасаа огцруулав. Үүнээс өөрийг хийж чадахгүй, “дарлуулж” явсан Б.Батбаатар эцэст нь хуулийн төсөл боловсруулсан байх нь.
АН-аас жагсаалтаар сонгогдсон Ц.Мөнхтуяа бол увайгүй эмэгтэй гишүүдийн бас нэг дүр. Тэр ч бас цахим хуудсандаа бусдыг элдвээр хэлж, доромжилдог, бүр сүрдүүлдэг. АН-ын дарга О.Цогтгэрэл энэ гишүүнтэйгээ уулзаж, сануулга өгсөн л гэнэ. Гэвч 50 гаруй жил бүрэлдсэн ёс зүйгүй авир, хандлага нэг сануулгаар засагдах нь юу л бол.

Мөн эрх баригч намын эмэгтэй гишүүд дотроос ёс зүйтэй, зөв улстөрч олох амаргүй. МАН-ын даргын сонгуулиас үүдэлтэй их талцлын үеэр 1980-аад оны бүлэглэлийнхэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоол өргөн барьсан билээ. Энэ ажиллагааг манлайлсан хүмүүсийн олонх нь мөн л жагсаалтаар голдуу сонгогдсон эмэгтэй байсан юм. А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, М.Мандхай нар жагсаалтаар гишүүн болсон. Мөн Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцсэн чуулганыг удирдахдаа Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гишүүн ч эмэгтэй хүн. Х.Булгантуяа тойргоос сонгогдсон. МАН-ын экс даргын “улаан хамгаалагч” Э.Болормаа гэж гишүүн бүсгүй бас бий. Дээрх нэгдсэн чуулганыг удирдахдаа гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөнийг Цэц тогтоож, УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь огцруулсан. Мөн МАНын дарга Н.Учрал намын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналтай байгаагаа баасан гарагт болсон Бага хурлын хуралдаан дээрээ мэдэгдээд байна. Мөн Ерөнхий сайдыг огцруулах чуулганы үеэр гол дүрийн үүрэг гүйцэтгэсэн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг эдүгээ хуулийн байгууллагаас шалгаж буй. Үндсэн хууль, бусад хуулийг дээдэлж, нийт иргэний эрх ашгийг дээдэлж ажиллахаар тангараг өргөсөн эдгээр гишүүн амлалтаасаа няцсан асуудлаар шалгаж байгаа юм. Нара ч энэ ажиллагаанд оролцож, ирцийн асуудал үүсгэж байсан билээ.
УИХ 126 гишүүнтэй. Тэдний дунд ёс зүйн шалгуур хангахгүй, хуулиа уландаа гишгэдэг хэдэн хүн жагсаалтыг далимдуулан шургалсан нь үнэн. Харамсалтай нь, ийм увайгүйчүүдийн олонх нь эмэгтэй гишүүн байгаа учраас нийгэмд “Шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийг олноор гаргаад хэрэггүй юм байна” гэсэн сөрөг ойлголт өгч буй.
Гэвч хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийг эдгээр увайгүй хэдэн гишүүн төлөөлөхгүй. Үүнээс болж иргэний нийгмийн болон улс төрийн байгууллагууд, ёс зүйтэй улстөрч бүсгүйчүүдийн шан татаж, олон жил тэмцсэний эцэст хуульд оруулсан дэвшилт заалтуудаас ухрах учиргүй юм. Харин намууд өөрсдөдөө дүгнэлт хийж, жагсаалт эрэмбэлэх дүрэм, журмаа шинэчилж, нэг даргын үзэмжээр бус, нийт гишүүнийхээ санал, шалгуураар тодруулах учиртай.
МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ улс төрөөс ангид явсан, боловсролтой гэх хүмүүсийг жагсаалтад оруулсан хэмээн пиар хийсэн. Гэвч үнэндээ ёс зүйгүй, ичих булчирхайгүй, эрх мэдэл, мөнгөний төлөө сүнсээ чөтгөрт худалдахаас буцахгүй хэсэг хүнийг багтаасныг өнгөрсөн үйл явдлууд гэрчилнэ. Нам доторх олон фракцын эрх ашгаа хангах гэхдээ шүүлтүүрээ бууруулж, Ц.Мөнхтуяа хэмээх “гудамжны” хандлагатай хүнийг гишүүн болгосон нь Л.Гантөмөрийн буруу. Нараг дээш шидсэн Б.Батбаатар бол одоо толгойгоо шааж суугаа. Учир нь цахим хуудсыг нь дагадаг хэдэн хүний “тархийг угаадаг” байсан хүнийг УИХ-ын гишүүн болгон дээш шидэхэд дэмжлэг үзүүлж, “мятаршгүй” бүдүүлэг байдлынх нь хорыг нийгэмд түгээхэд тусалсан нь ИЗНН-ын дарга Б.Батбаатарын буруу мөн.
Төрийн нэр хүндийг илт доошлуулж, цаашлаад хүн амын тал хувийн эрх ашгийг хөндөж, дэвшлээс ухраах, оюун санааг хордуулах асар том сөрөг нөлөө дээрх хэдхэн гишүүний үйлдлийн ард бий юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэй байх, намын жагсаалтад хүйсээр 1:1 харьцаагаар сөөлжиж эрэмбэлэх заалт оруулсны хүчинд өнөөдөр парламентын 25 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Ингэснээр бид Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан. Эдгээр дэвшилт заалтын ачаар шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хувь өсөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа парламентад сонгогдлоо. Энэ бүхнээс ухрах ёсгүй. Гагцхүү алдаагаа засаад, өнгөлөөд явах учиртай. Өөрөөр хэлбэл, улс төрийн намаас эхлэн өнөөдрийн парламент дахь “хар толбо”-ыг угаана.
Жагсаалтын гишүүд, эмэгтэйчүүдийн увайгүй үйлдэл тойрсон асуудлаас бүх нам сургамж авч, зөвхөн дарга, удирдлагын үзэмжээр биш, нийт гишүүнийхээ санал, дэмжлэгээр жагсаалтаа эрэмбэлдэг болох учиртай. Олон шатны шалгуураар, энгийн, эрүүл сэтгэлгээтэй гишүүд нь зөв хүнээ тодруулж, ёс зүй, сэтгэцийн эрүүл мэндийн наад захын шалгуур тавих биз ээ. Мөн нэгэнт сонгогдсон л бол бүрэн эрхийн ард галзуурал, сэтгэцийн өвчин, хууль бус үйлдлүүдээ нуудаг байдлыг халж, эгүүлэн татдаг, хариуцлага тооцдог тогтолцоог хуульд тусгах шаардлагатайг болж буй үйл явдлууд харуулав. Нөгөө талаар сонгогч бид жагсаалтдаа хэнийг эрэмбэлснийг хянаж, ёс зүйгүй, увайгүй хүмүүс оруулсан намыг сонгохгүй байснаараа бодитоор хариуцлага тооцох юм.
С.Туул