
Украин улс Оросын эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн довтолгоогоо нэмэгдүүлж, нефтийн салбар руу чиглэсэн стратегийн цохилтоо эрчимжүүлээд байна.
Украины талын мэдээлснээр, энэ сард Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон экспортын терминалууд руу дор хаяж 10 удаагийн томоохон халдлага хийжээ. Эдгээрийн зарим нь Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрлах байгууламжууд байсан байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленьский холын зайн дронуудын үр нөлөө нэмэгдэж байгааг онцолж, Ярославль дахь томоохон нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгснөөр гал гарсан гэж мэдэгдсэн байна.
Мөн Балтын тэнгисийн эрэгт орших Усть-Луга боомт руу хийсэн довтолгооны улмаас нефть ачиж буулгах байгууламжууд гэмтэж, томоохон гал гарсан талаар мэдээлжээ. Оросын эрх баригчид ойролцоох Санкт-Петербург хотын оршин суугчдад агаарын бохирдлоос сэрэмжлэхийг анхааруулсан байна.

Нөгөө талаас, Ойрхи Дорнод дахь дайн болон Ормузын хоолойн доголдлоос шалтгаалан дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж, Орос улс илүү өндөр орлого олж эхэлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, Оросын нефтийн орлого сүүлийн саруудад бараг хоёр дахин нэмэгдсэн байж болзошгүй байна.
Украины тал эдгээр довтолгоог Оросын эрчим хүчний дэд бүтцэд хийж буй халдлагын хариу арга хэмжээ гэж тайлбарлаж, “Орос манай дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоовол бид ч хариу цохилт хийхгүй” гэж мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Оросын засгийн газар дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс бензиний экспортод дахин хориг тавих асуудлыг хэлэлцэж байгаа талаар мэдээлж байна.