УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг батлав.
УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “УИХ-ын гишүүн нь Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, түүнээс гарах эрхтэй”, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална” гэж тус тус заасан.
Үүний дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ ирүүлжээ. Иймд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмэхээр тогтоолын төслийг боловсруулжээ. Хуралдааны үеэр төслийн талаар үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явууллаа. Санал хураалтаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг гишүүдийн олонх нь дэмжлээ.