Цалингүй ажилтны цуваа

“Ажлын байр байгаа ч ажиллах сонирхолтой хүн алга. Туршлага байхгүй, ажил хийж чадахгүй байж цалин, ажиллах орчноо голж байна” гэж залуучуудыг буруутгах хандлага нийгэмд нэлээд түгчихлээ.

Тэгвэл эсрэгээрээ туршлага байхгүй ч ажиллах хүсэлтэй залуусын хөдөлмөрийг мөлжиж байгааг хэн ч хаа нэгтэй дурссангүй. Өндөр цалин, өөгүй орчин нөхцөл ярьж, хэдэн сар туршилтаар ажиллуулчихаад “тэнцсэнгүй” гэх ганц үгээр олон залуусын амыг таглаж, хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж байна. Тэд ажилд нь тэнцээгүйдээ биш туршилтын хугацаа нь дуусаж, жинхлэх болоход нь дараагийн цалингүй ажилтнаа ажиллуулах санаатай ажиллагааны хохирогчид. Тэр дундаа барилга, зам тээвэр, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт цалингүй ажилтны цуваа тасардаггүй гэх.

Нэг жишээ өгүүлье. Хөдөөнөөс ирсэн хүү хотод ажил хийж, хөлөө олохоор хамгийн өндөр цалинтай барилгын ажилд туршилтаар гүйж эхлэв. Биеийн хөгжил сайтай, бяр тэнхээтэй хөдөөний хүүхэд барилгын туслахын ажилд гологдохгүй гэдэг нь эхний өдрөөс нь мэдэгдсэн аж. Ажил сайн хийж байгааг нь, цаашдаа туслахаар биш аль нэг группт нь дагалдан хийж, нэг чиглэлээр мэргэших өгөгдөл байгааг ч хамт ажилласан хүмүүс нь хэлсэн гэсэн. Гэвч сар хагасын турш амраахгүй ажиллуулсан хэрнээ цалинг өгөлгүй гүрийлгэсээр өөрөө ажлаа орхиход хүргэсэн жишээ ойрын хүнд тохиолджээ. Долоо хоног бүр цалинг нь өгнө гэж амласан ч албажуулсан гэрээ байхгүйн дээр туршилт гэх ганц үгээр л хүнийг цалингүй, ажилгүй болгочихож байна. Туслах авна гэсэн зараа шон самбарт байнга хадаатай байлгадаг нь энэ мэт хүүхдүүдийг цалингүй ажиллуулчихаад хэзээ ч явуулахад бэлэн байдгийн жишээ буюу.

Албадлага, боолчлол манайд байхгүй ч хөдөлмөрийн мөлжлөгийн ийм жишээнүүд салбар бүрд бий. Хүний эрх хөгжил төвийн судалгаагаар барилга, зам тээвэр, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, урлаг, спортын салбарт хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг үзүүлсэн байдаг. Илүү цагаар цалингүй ажиллуулах, гэрээ байгуулахгүйгээр бага цалингаар хөдөлмөр эрхлүүлэх, олон сар туршилтаар цалингүй ажиллуулах зэрэг нь хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэрт орно. Харин иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг. Харин ийм тохиолдолд ажил олгогч ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй.

Уг нь хоёр жилийн өмнө мөлжлөгөөс хамгаалж Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ гэрээ хийгээгүй, цалин өгөөгүй ажил олгогч, аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор тусгасан. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж, ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500 мянгаас нэг сая төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагыг 5-10 сая төгрөгөөр торгохоор болсон. Гэвч хуулиа хэрэгжүүлдэггүй албатууд, хэрэгжүүлэхийг хүсдэггүй аж ахуйн нэгжүүд, хууль мэдэхгүй хөдөлмөрчид олон байгаа нь өнөөдрийн нөхцөлд хүргэж байна.

Хоёр жилийн өмнөх хуулийн өөрчлөлтөөр туршилт, дагалдан ажиллуулах хугацааг зааж, цалин хөлстэй ажиллуулах зохицуулалт нэмсэн. Тодруулбал, туршилт болон дагалдан ажиллуулах хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд тухайн хугацаанд олгох цалин хөлсний хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоохоор хуульчилжээ.

Харин цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно. Ингэхдээ, нэг цагийн цалингийн хэмжээ ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байна. Улмаар туршилтын хугацааг гурван сараас илүүгүй байхаар хуульчилжээ.

Ийнхүү цагаан дээр хараар бичсэн хуультай байтал мэдээгүйгээсээ болж цалингүй, ажилгүй болж хохирсон хүмүүсийн хохь л болох байх. Хуулиа иргэн нь мэдсэн ч аж ахуйн нэгжүүдийг хууль хэрэгжүүл гэж улс шаардахгүй байхад ашгаа бодсон компаниуд мэлзэх нь тодорхой. Хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих үүрэг төрийн албаныханд бий. Тэдний ажилдаа хариуцлагагүй ханддагаас болж хууль зөрчигчид ийнхүү олширсоор байна.

“Хоцрогдсон” хууль

21 жил шинэчлээгүй, хэрэгжилт нь алаг цоог болсон Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг парламентаар хэлэлцэхээр зэхэж байна. Он цаг улирахын хэрээр хөдөлмөрийн шинэ харилцаа бий болж, хуулийн зохицуулалт хоцрогдож байгаа. Харин шинэчилсэн найруулгын төслөөр гэрээрээ, хувиараа албан бус хөдөлмөр эрхлэх зохицуулалтыг тусгаснаас гадна хөлсний ажил хийж л байгаа бол энэ нь хөдөлмөрийн харилцаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулаагүй ч ажил хийсэн л бол хөдөлмөр эрхэлсэнд тооцно. Тэгэхээр туршилтын хугацаа ч хуулиар нарийн хамгаалагдах нь.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл тав дахь чуулганы нүүр үзсэн ч хэзээ хэлэлцэх нь нарийн тодорхойгүй байгаа. Ямартай ч “уламжлал”-ын дагуу энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд хуулийн төслийг багтаасан. Хуулийг хэлэлцэхээс “цааргалсан” өмнөх парламентын жишгийг энэ УИХ дагачихгүй бол ирэх хавраас шинэ Хөдөлмөрийн хуультай болно. Харин одоогийн хуулиа бүрэн хэрэгжүүлж, хяналт тавьж чадахгүй байгаа албатууд шинэ хуультай боллоо ч хяналттай ажиллах эсэх нь эргэлзээтэй. Гэтэл салбарын удирдлагууд нь халамжийг хөдөлмөрт шилжүүлнэ гэж ам гарлаа. Одоо тэднээс хүсэх ганцхан зүйл байна. Эхлээд хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлчихээд олон мянган хүнийг хөдөлмөр эрхлүүлэх амлалт өгнө үү, дарга нар аа.