
Холливудын олон кинонд орлон тоглогч болон туслах дүр бүтээсэн нэгэн Монгол залуутай бид өмнө нь ярилцсанаа хүргэж байсан билээ. Түүнийг Н.Цогтсайхан гэдэг бөгөөд “47 ronin”, “Iris -2”, “Aurora borealis”, “Хатуу самар-5” зэрэг бидний мэдэх олон алдартай кинонд ази залуугийн дүрийг бүтээсэн юм. Ихэндээ тэрээр экшн буюу тулаантай, хэцүү даалгавартай хэсгүүдэд голчлон дүр бүтээдэг. Киноны арын албанаас ажлын гараагаа эхэлж, аажимдаа чадварлаг найруулагчийн хараанд өртөн алдартай кинонуудад дүрээ мөнхөлж амжсан тэрээр Монголын кино урлагийг Холливудтай холбосон агентлаг байгуулах мөрөөдөлтэй. Тэрээр энэ мөрөөдлөө биелүүлэхийн төлөө гадаад дахь мэргэжил нэгт жүжигчидтэйгээ хамтран дэлхийн томоохон кино компаниудтай холбоо тогтоож эхэлсэн гэдэг. Тэгвэл Н.Цогтсайхан анх удаа Унгар кинонд Монгол хүний дүрийг бүтээхээр болжээ. Энэ баярт мэдээг хуваалцахаар бид түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Найман жүжигчинтэй өрсөлдөөд Монгол ламын дүр бүтээхээр болсон-

-Юуны өмнө танд баяр хүргэе. Анх удаа гадаад кинонд Монгол хүний дүрд ажиллахаар болжээ. Чухам ямар киноны ямар дүрд тоглохоор болов?
-Баярлалаа. Америк Унгарын хамтарсан төслийн кинонд анх удаа Монгол ламын дүр бүтээхээр болсон. Киноны зураг авалт долоодугаар сараас эхлэн есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Одоогоор киноны нэрийг хэлэх боломжгүй.
-Гэхдээ та өмнө нь Холливудын олон кинонд дүр бүтээсэн шүү дээ?
-Тийм ээ. Гэхдээ тэр дүрүүд бол туслах болон орлон тоглосон дүрүүд. Энэ бол арай өөр. Зохиолтойгоо бүрэн танилцаж амжаагүй л байна. Ямартай ч яриа, текст ихтэй.
-Ямар агуулгатай кино юм бэ?
-Киноны үйл явдал 1950 оны Казахстаны байдлыг харуулна. Зураг авалт сансрын бааз дээр өрнөнө.
-Дайн тулаантай кино юм уу?
-Адал явдал болон түүхэн төрлийн кино. Миний ойлгосноор “Индиан Жонс”-той төстэй юм билээ. Нэг ангитай театрын кино.
-Монгол хүний дүрд ажиллах миний бас нэг мөрөөдөл байсан-

-Та өмнө нь хэлний бэрхшээл зарим кинонд тоглоход гардаг гэж хэлж байсан. Энэ удаад тэгвэл үг хэлэх хэсгүүдтэй юм байна. Ямар хэлээр ярих вэ?
-Тийм ээ. Үг хэлэх хэсгүүд бий. Харин ямар хэлээр ярих нь тодорхойгүй байна.
-Тантай гадны олон жүжигчид өрсөлдсөн болов уу. Шалгаруулалт хэр өрсөлдөөнтэй болсон бэ?
-Мэдээж дүрийн шалгаруулалтыг зарлан, шигшиж авсан гэсэн. Надтай найман хүн өрсөлдсөн. Дүр нь өөрөө Монгол хүний дүр болохоор надад илүү ойр байсан болов уу.
-Таны мөрөөдөл алхам алхмаар биелж байна шүү дээ. Тэнцсэн гэх мэдээ сонсоод хэрхэн хүлээж авав?
-Маш их баяртай байгаа. Сарын өмнө сонгон шалгаруулалт зарлагдсан. Очихдоо монгол хүний дүр гэхээр нь их гайхаж байсан. Тэгээд өчигдөр шалгуулсан. Ингээд өнөөдөр /4 сарын 5/ найман жүжигчнээс сонгогдсон гэх мэдээг сонсоод сэтгэл их догдолсон. Монгол хүний дүрд ажиллах миний бас нэг мөрөөдөл байсан юм.
-Та энэ зун Монголдоо ирнэ гэж байсан санагдаж байна. Гэвч завгүй зун болох нь ээ?
-Тийм ээ. Монголдоо очихоор төлөвлөөд байлаа. Гэвч одоо амжихгүй болж таарч байна. Энэ зунаас маш олон кино зураг авалт эхлэх төлөвлөгөөтай байгаа. Нэлээд завгүй өнгөрөх нь бололтой.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр их амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье.

