Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлжээ. Учир нь иргэдээс зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа гомдол ихээр ирж буйтай холбоотой аж. Мэдэгдлийн дагуу тодорхой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу торгууль ногдуулах гэнэ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн мэдэгдсэнээр, ирэх долоо хоногт Татварын ерөнхий газартай хамтран шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхлэх юм байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.19-т Татварын тухай хуулийг зөрчвөл дараах шийтгэлийг ногдуулахаар тусгасан аж.
-8.Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:
-8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь
-8.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
-8.3.энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг 1,500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 15,000,000 төгрөгөөр торгоно гэжээ.