“Tuyana Style Code Agency”-ыг үүсгэн байгуулагч, өнгө тодорхойлолт үйлчилгээг Монголдоо анх дэлгэрүүлж буй Fashion Stylist & Image Maker Д.Туяанатай ярилцлаа.
"Tuyana Style Code Agency” гэхээр Fashion Stylist Туяана гээд хүмүүс хэдийнэ мэддэг болжээ. Баруун Европт хөгжөөд байгаа энэ чиглэлээр зөвхөн өөрт тохирсон өнгөө танайхаар тодорхойлуулан өөрчлөлтийг мэдэрсэн олон үйлчлүүлэгчийн сэтгэгдлийг харж байлаа?
Баярлалаа. Би цоо шинэ салбарыг Монголд хөгжүүлэхээр зориглосон. "Style Code Agency” агентлагаараа дамжуулан сүүлийн гурван жил хувь хүний өнгө, стайл бүрдүүлэлт хийж байна. Энэ хугацаанд олон үйлчлүүлэгчтэй болсондоо баяртай байгаа. Гэхдээ үйлчлүүлэгч нарынхаа өөрчлөлт гарсан зургийг тавин хийсэн ажлаа сурталчлаад байдаггүй болохоор хүн бүр намайг сайн мэддэггүй байж магадгүй. Мэргэжлийн зүгээс ч гэсэн хувь хүний нууцтай холбоотой асуудал яригддаг болохоор хийсэн ажлаа тайлагнаад байдаггүй. Тухайн үйлчлүүлэгч надад итгэсэндээ манайхыг зориод ирж байгаа учраас тэр итгэлийг даах нь хамгийн чухал асуудал шүү дээ. Нэг үйлчлүүлэгч ирээд явахад түүний үр дүнг бодитоор харсан найз нөхөд, ах дүүс, гэр бүлийнхэн манайхыг зорин ирэх нь их шүү. Хувь хүний өнгө тодорхойлох гэдэг нь өөрөө шинэ шинэлэг шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаараа бахархдаг.
Хүмүүс хувцсаа арьсныхаа өнгөтэй хослуулах нь элбэг байдаг. Би цайвар царайтай, тод өнгийг хувцас зохидог, эсвэл би бордуу царайтай учир цайвар өнгө л зохино гэдэг. Энэ ойлголт хэр зөв бэ?
Хэтэрхий өнгөц ойлголт байна. “Хувь хүний өнгө тодорхойлолт” гэдэг нь илүү нарийн шинжлэх ухаанч, иж бүрэн ойлголт юм. Энэ шинжлэх ухааныг ашиглан мэргэжлийн хүнээр өөрийнхөө өнгийг зөв тодорхойлуулснаар та аз жаргалд хүрэх замаа товчилж байгаа гэж ойлгож болно. Би сэтгэл судлаач, хувь хүний имиж бүрдүүлэлт, стилист гээд адармаатай олон мэргэжлийг сонгосон нь хүний дотоод ертөнц дэх “Би” гэдэг хувь хүнийг таньж, ил гаргах өнгөнүүдийн зохицлыг бүрдүүлж тэр хүнийг улам илүү гэрэлтүүлэхийн тулд юм. Энэ бол судлагдсан шинжлэх ухаан. Хүмүүс хувь хүний өнгө гэхээр өнгө мөнгөний өнгийг юм уу, арьсны шар, бортой андуураад байдаг. Мөн хүмүүс хувь хүний өнгийг шашин, энергитэй илүүтэй холбох гэдэг. Угаасаа хүний нүдэнд харагдаж байгаа өнгө энерги цацруулдаг. Тэр бүү хэл ихэр хүмүүсийн өнгө ижил байдаггүй. Хоёр өөр үзэл бодолтой болохоор өөр болдог.
Хүн бүрийн өнгө өөр байдаг гэсэн үг үү?
Тийм шүү. “Оскар”-ын улаан хивсний ёслол дээр Холливудын жүжигчдээс “Та яаж ингэж нэр алдарт хүрч, гэрэлтэв” гэж асуухад “Өөрийгөө олсон болохоор” гэж товчхон хариулдаг шүү дээ. Хувь хүний өнгө тодорхойлолтод энэ л өөрийгөө олох, амжилт, карьер гээд маш олон сайн, сайхан зүйлс багтдаг.
Хүн нэг дор хэчнээн өнгийг хослуулан хэрэглэж болдог вэ. Үйлчлүүлсэн хүн бүрдээ өнгөний картыг нь өгдөг гэсэн шүү дээ. Хувь хүний өнгөний тоо хязгаартай юу?
Халуун, хүйтэн өнгө гэж бий. Нэг биед 30-35 зохицдог наалдацтай өнгө байдаг. Хувцаслалтын тухайд, дөрвөөс дээш тод өнгө нэг дор багтдаггүй. Гэхдээ эрээн, мяраан, цэцэг навч, байшин барилгатай хувцас зарим хүнд зохиод, гоё харагддагийн учир нь, тэр өнгүүд тухайн хүний картад багтсан 30-35 өнгө дотор байгаа хэрэг. Тэдгээр өнгө дотор байгаа л бол нүүр будалт, үс гээд бүхий л зүйлтэй нь тохирдог. Энэ өнгийг би өөрөө зохиодоггүй. Тухайн хүний арьс, дотоод сэтгэл зүйн кодтой нийцсэн, нүдэнд нь зохистой өнгөнүүд байдаг, тэрийг гаргаж ирж байгаа хэрэг. Хар, цагаан өнгө ч ямар хүнд тохирох вэ гэдэг нь нарийн асуудал. Түүнээс биш би цайвар царайтай хар цагаан хослол тохирдог гээд сонголт хийх нь маш буруу. Буруу өнгө сонгох нь сэтгэл зүйн талаасаа их дарамт үзүүлдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өнгө өөрөө хүний сэтгэл зүйтэй их холбоотой байдаг.
Хүний тодорхойлуулсан өнгүүд өөрчлөгддөг үү. Залуудаа тодорхойлсон өнгө нас явах тусам хувьсдаг болов уу?
Хувьсахгүй. 18 настай байхдаа өнгөө тодорхойлуулсан бол 90-100 насалсан ч нөгөө л 35 өнгөөрөө үргэлж гоёж явна гэсэн үг. Нэг талаараа хүн их минималист болдог. Миний хамгийн бяцхан үйлчлүүлэгч есөн настай, хамгийн ахмад нь 79 настай эмэгтэй бий. Үйлчлүүлэгч маань 79 настай ээжийгээ авчирч өнгийг нь тодорхойлуулсны дараа бие нь хөнгөрөн сэтгэл санаа ч сайхан болсон гэж надад баярласан сэтгэлээ илэрхийлж байсан. Хүн өөрийгөө олсноор сэтгэл санаа тайван амгалан болж, өвдөх нь хүртэл багасдаг. Манай үйлчлүүлэгч дундаас астматай байсан хүн эдгэсэн тохиолдол ч бий. Над дээр өнгөө тодорхойлуулаад буруудлаа шүү гэж нэг ч хүн эргэн ирж байгаагүй. Харин ч “Урьд зөвхөн өнгөө тодорхойлуулсан, одоо ямар имидж бүрдүүлэх билээ” гээд эргэж ирдэг. Ер нь бол өнгө тодорхойлох, имиж бүрдүүлэх үйлчилгээг цогцоор нь авч байж үр дүнг нь илүүтэй мэдэрдэг.
Хүмүүс энэ л миний дуртай өнгө гэдэг. Үйлчлүүлэгчдийн тань хувьд дуртай өнгө нь тодорхойлсон өнгөтэй хэр нийцдэг вэ?
Би үйлчлүүлэгчийнхээ зөвхөн давуу талыг олж харж, түүнтэй нь зохицох өнгийг санал болгодог. Хүн бүрийн карт дээр нийтлэг тод өнгүүд бий. Гэхдээ яг адилхан байна гэж байдаггүй. Хүмүүс “Би шар өнгөнд л дуртай” гэдэг боловч олон шар өнгөнөөс сонголт хийлгэхээр өөр өнгө сонгодог. Сэтгэл зүйн хувьд өнгө хүний нүдэнд өөр, өөрөөр тусдаг. Хүн өөрийнхөө дотоод өнгийг мэддэггүй. Манайхыг зорин ирээд өнгийг нь тодорхойлохоор ярилцахад хамгийн түрүүнд өөрийнхөө муу, сул талыг их сайн хэлж чаддаг. Би ууртай, муухай ааштай, миний гуя бүдүүн гээд л. Би сайхан ааштай эелдэг зантай гэж хэлсэн хүнтэй таараагүй байна. Би жаахан таргалсан, Навчаагаас арай царайлаг, Жаргалаас царай муутай л гээд байдаг болохоос өөрийгөө цор ганц ямар гоё сайхан гэдгийг мэддэггүй. Хүн өөрийгөө олж, өнгөө тодорхойлох нь маш чухал. Ингэснээр олон давуу чанарууд нэмэгдэн бүх зүйл нь дотроосоо гэрэлтэн гялалздаг.
Таны эзэмшсэн гоо зүйч, гоо сайханч, стиль имижмейкер, сэтгэл зүйч, өнгөний артист мэргэжлүүд өөр хоорондоо салшгүй уялдаа холбоотой. Нэг чиглэлийн цогц мэргэжил эзэмшсэний давуу талыг та хэрхэн онцлох вэ?
Энэ олон мэргэжил үнэгүй байгаагүй. Би эдгээр мэргэжлийг өөрийгөө эрэлхийлэн хайж, ар, араас нь уялдаа холбоотойгоор эзэмшсэн. Миний суралцаж төгссөн Германы “Styling academy”-ын захирал хатагтай Карл надад “Туяанаа, гоо зүй, гоо сайханч, сэтгэл судлаач, fashion stylist, загвар зохион бүтээгч гээд хүнийг цогцоор нь гоё болгохын төлөө мэргэжлийн бүх ангийг төгссөн ганцхан хүн бол чи. Би маш олон орны хүмүүсийг төгсгөсөн. Энэ чиглэлээр эрэмбэ дараагаар нь ингэж нарийн тултал нь судалсан хүн дэлхийд чи л байгаа шүү” гэж намайг баярлуулж байсан. Тухайн үед би дэлхийн хаа нэгтээ өөр над шиг хүн байгаа байх гэж бодож байсан. Хүн өөрийгөө үгүйсгэж бодох нь маш буруу юм билээ. Үүний дараа өнгө тодорхойлолтыг суран багшаараа өөрийнхөө өнгийг тодорхойлуулаад “Би гоё хүн болов” гэж өөрийгөө үнэлж байсан. Эзэмшсэн энэ олон мэдлэгээ нэг багц болгон хүмүүст үйлчилж байгаадаа маш их баярладаг. Би хүний дотоод “Би”-г нь нээж, үсний үзүүрээс хумсны үзүүр хүртэлх хүний арьсанд нөлөөтэй бүхий л зүйлийг нь тодорхойлж, зөвлөгөө өгдөг нь олон мэргэшил эзэмшсэний давуу тал болдог. Тиймээс "Style Code Agency" таны биеийн хэлбэрийг тодорхойлж өгөхөөс гадна зөвхөн танд тохирох хувцасны сонголтыг зөвлөдөг. Гоёлын даашинз, өдөр тутмын хувцас, чөлөөт хувцас, дотуур хувцас гэх мэт таны сонгосон бүх хувцас таны биеийн хэлбэр, онцлогт тохирсон загвар, өнгөтэй байх ёстой гэсэн зарчмаар ажилладаг.