
“Танай албан ёсны хэл юу вэ” хэмээн нэгэн гадаад оюутан асуув. “Монгол, бид өөрийн монгол хэлээрээ ярьдаг” гэж түүнд бардам хариулснаа санаж байна.
Дэлхийн олон орон том гүрнүүдийн дарлалд удсан, тэр хэрээрээ англи, орос, франц хэлийг албан ёсных болгосон байдаг. Колоничлогч орнуудын соёлын нөлөө тийм гүнзгий үлдсэн, эдүгээ ч үргэлжилж байна гэсэн үг. Харин манай улсад ийм түүх үгүй. Бид анхнаасаа л өөрийн хэл, соёлтой байсан. 200 жил Манж чин улсын дарлалд хагас эрхтэй байхдаа ч хэл, соёлоо авч үлдэж чадсан. Харамсалтай нь, ардчилсан тогтолцоо бүхий, эрх чөлөөт өнөөгийн нийгэмд сайн дураараа хэл, соёлоо “саармагжуулах” ажлыг хийгээд байх шиг.
Монголчууд юмсыг сөөм, тохой, алд зэргээр хэмждэг байв. Гэхдээ он цагийн өөрчлөлт, хөгжилд энэ уламжлалт хэмжих нэгж бүдгэрчээ. 1924 онд баталсан “Аливаа хэмжүүрийн дүрэм”-ээр тогтоосон нэгж нь улсын ардын аж ахуйн хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй болсон тул 1931 онд Засгийн газраас “Метрийн нэгжийн системийн хэмжүүрт шилжих” шийдвэр гаргасан аж. Ингэснээр өнөөдрийн бидний дассан сантиметр, метр, километр, литр, грамм хэмээх нэгжийг хэрэглэж эхэлсэн байх нь. Метрийн систем нь 1790- ээд оноос Европт үүсэж, XIX зуунаас дэлхий даяар түгсэн нэгж юм билээ. Дэлхийн 190 орон метрийн системийг албан ёсны хэмжих нэгжээ болгосон байдаг аж. Тэгэхээр 1930-аад оноос хойш төрсөн бүх монгол хүн дээрх нэгжээр аливааг хэмжиж өссөн гэсэн үг. Харин бидний хүүхдүүд арай өөр болж мэдэх нөхцөлийг үйлдвэрлэгчид “тулгаад” байх шиг.
Шинэ жил, төрсөн өдрийн баярын нэг гол хүнс бол бялуу. Тэгвэл бялуу үйлдвэрлэгч компаниуд сүүлийн хэдэн жилд инч гэдэг хэмжээг хэрэглэх болов. Ялангуяа “Жүр үр”, “Тэнгэрийн хишиг” зэрэг компани бялуугаа инчээр хэмждэг болоод тодорхой хугацаа өнгөрчээ. Инч, фийт зэрэг хэмжээг АНУ-д хэрэглэдэг. Мөн Их Британи, Канадад тодорхой хэмжээнд ашигладаг аж. Гэтэл манай хүнсний салбарын томоохон компаниуд бараа, бүтээгдэхүүнээ Монголынхоо зах зээлд л нийлүүлдэг. Олон улсын экспод тэд хааяа оролцож, бүтээгдэхүүнээ сурталчилдаг ч өөр орны зах зээлд бараа нийлүүлж, амжилтад хүрсэн нь хараахан үгүй. Тэгэхээр монголчуудад л бараа, бүтээгдэхүүнээ зарж байж яагаад монгол хүний сэтгэхүй, соёлд нийцсэн хэмжих нэгж хэрэглэхгүй байна вэ гэдэг асуулт гарна. Би хэд хоногийн өмнө “Тэнгэрийн хишиг” ХХК-ийн төв дэлгүүрээс аарцтай бялуу худалдан авсан. Тэгмэгц хэмжээн дээрээ багагүй будилж байгаа юм. Найм, ес, 10 инч гэх мэтээр тэмдэглэсэн бялуунуудыг очиж харж, дотроо см-ээр баримжаалан “хувиргаж” байж л нэг юм сонгов. “Жүр үр”-ээс бялуу авахад ч яг л ийм зүйл болдог. Утсан дээрээ инчийг см руу хувиргах хэрэг гарна. 20 см-ийн диаметртэй бялуу гэхэд л монгол хүний ухаанд шууд зураглал бууна шүү дээ. Гэтэл америк соёлыг дэлгэрүүлэх ажлыг “албаар” хийж эхэлсэн нь тийм ч таатай санагдахгүй нь. Юмс хөгжин өөрчлөгддөг. Гэхдээ хөгжил нэрийн дор харийн соёлыг тэр чигт нь хуулаад байж боломгүй. Учир нь бид өөрийн хэл, соёлтой, тусгаар улс. Тэгээд ч аливааг инчээр хэмжих ямар нэг албан ёсны шийдвэр Засгийн газраас гараагүй. Метрийн системээ мөрдсөөр байхад түүнийгээ л дагах нь зүйд нийцнэ. Тиймээс энэ мэтээр “моодорхох” гэсэн явцгүй оролдлогыг хянаж, зогсоох үүргээ Засгийн газар, түүний харьяа агентлаг, нэгжүүд биелүүлмээр байна.
Хүүхдүүд нь англиар хэлд орж байгаа тохиолдол таны эргэн тойронд, танай гэр бүлд ч гарч байгаа болов уу. Үүнийг олонх эцэг, эх бахархал болгон ярьдаг. Монгол Улсдаа амьдарч буй иргэдийн тухай ярьж буйг уншигчид ойлгосон байх. Гадаад оронд төрж өсөж буй монгол хүүхдүүдийн хувьд орчин, нөхцөл, боломж нь огт өөр. Харин Монголдоо амьдарч буй айл өрхүүдийн хүүхдүүд төрөлх хэлээрээ биш, англиар ярьж, үзэл бодлоо харь хэлээр илэрхийлж эхэлж байгааг хөндөж буй юм. Зарим эцэг, эх үүнийг зөв гэж үздэг, тиймээс унаган англи хэлтэй болгох гэж тэгдэг байх. Гэхдээ олонх нь хүүхэдтэйгээ харилцахаас залхуурах, эсвэл цаг зав гаргах боломжгүйгээсээ болж англи хэлээр хүүхэлдэй, кино, бичлэг утас, зурагт дээрээ асааж өгөөд орхидог нь нууц биш. Монгол хэлээр харилцах, суралцах хүн тэр хүүхдэд алга. Тиймээс л “найзалж” буй утас, зурагтаар үзэж буй бичлэгийнхээ хэлийг сурахаас өөр сонголтгүй болж байна. УИХ-аас 2023 онд Боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулж, англи хэлийг гуравдугаар ангиас заадаг болгосон. Энэ бол өөр асуудал. Хүүхэд эхлээд эх хэлээ сурсны дараа гадаад хэлийг үзэж болно. Харин дөнгөж хэлд орохдоо монголоор биш, англиар шулганадаг, түүгээр сэтгэдэг бүхэл бүтэн үе өсөж буй нь анхаарах сэдэв мөн. Эх хэлний дархлаа нялх үеэсээ эхлэн алдагдаж байгааг Засгийн газар, холбогдох байгууллагууд анхаарч, бодлогоор арга хэмжээ авах учиртай.
Энэ талаар урд хөршийн жишээг сонирхуулъя. Хятадууд олон улсад алдартай сүлжээ компаниуд, брэндүүдийн нэрийг ч өөрийн хэлээр галигладаг. KFC, Mc Donalds, Nike гэх мэтчилэн асууж, ярьвал хэн ч ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй. Та тэдний галигласнаар асууж байж хайсан газраа сая олно. Нэгэнт олон улсад хэрэглэдэг оноосон нэр, брэндийг тэр чигээр нь ашиглаж болох ч БНХАУ тэгж үзсэнгүй. Ингэж тэд хэлнийхээ дархлааг бодлогоор хамгаалдаг аж. Гэтэл манайд гадаад нэршил бүү хэл, нялх үрс нь англиар анхны үгээ хэлж байна. Хэл, соёлгүй бол бид хэн болох вэ.
Мөн нийгмийн сүлжээгээр дамжуулан монгол хэлээ бид өөрсдөө “дамшиглаж”, алдаатай, буруу бичсэнийг өөгшүүлэн хөгждөг болсон. Үг, үсэг, найруулгын алдаатай мэдээллийг хошин шог болгон хөгжилдөх биш, засаж, залруулах, бурууг өөгшүүлэн хуваалцахгүй байхаас л эх хэлний дархлаа эхэлнэ. Төрийн байгууллагын хурган дарга нарын албан бичиг нь хүртэл дүүрэн алдаа. Их, дээд сургуульд элсэгчдээс монгол хэлний шалгалт авдаг болсон ч бичиг үсгийн боловсролгүй хүмүүс улам л олшроод байх шиг. Ядаж дотооддоо хэлний дархлаагаа хамгаалах нь төрийн үндсэн үүрэг юм. БНСУ зэрэг орон к-поп, цуврал киногоороо дамжуулан дэлхийд зөөлөн хүчний бодлогоор соёлоо сурталчилж байна. Дэлхийн өөрчлөлтэй зэрэгцэн хөгжих нь зүй. Гэхдээ огт өөрчилж, саармагжуулж болохгүй зүйлс бол монгол хэл, соёл юм. Үйлдвэрлэгчид нь ч, эцэг эхчүүд ч, төр засаг нь ч хаа хаанаа үүнд анхаарч, хэл, соёлын дархлаагаа аврах, хамгаалах учиртай. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад л Монгол баян” хэмээн зохиолч З.Дорж нэгэнтээ хэлсэн байдаг билээ.
С.Туул