
Трампын засаг захиргаа 1.8 тэрбум ам.долларын хэмжээтэй “зэвсэгжүүлэлтийн эсрэг” (anti-weaponization) сангийн төлөвлөгөөгөө орхихоор төлөвлөж байгаагаа Бүгд Найрамдах намын Конгрессын удирдагчдад мэдэгджээ. Энэ талаар уг асуудлыг мэддэг хоёр эх сурвалж мэдээлжээ.
Гэсэн хэдий ч энэ төлөвлөгөө хэр зэрэг баттай бөгөөд байнгын шийдвэр эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп асар их маргаан дагуулсан уг санг бүрмөсөн цуцлах талаар олон нийтэд албан ёсоор амлалт өгөөгүй. Гэхдээ хэлэлцүүлгийг мэддэг гурав дахь эх сурвалжийн мэдээлснээр засаг захиргаа уг санг хэрэгжүүлэх оролдлогоо зөвхөн түр хугацаанд зогсоож байгаа болохоос бүрэн орхисон хэрэг биш гэнэ.
Энэ тайлбар нь АНУ-ын Хууль зүйн яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлтэй илүү нийцэж байгаа юм. Тус яам мэдэгдэлдээ холбооны шүүхийн шийдвэрийг “дагаж мөрдөнө” гэж хэлсэн юм. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн дагуу сангийн хэрэгжилтийг энэ сарын 12 хүртэл түдгэлзүүлээд байгаа юм.
Уг асуудлыг мэддэг дөрөв дэх эх сурвалжийн мэдээлснээр Трамп өөрөө энэхүү сангийн үзэл санааг дэмжсээр байгаа боловч уг санаачилга хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгааг хүлээн зөвшөөрч байгаа аж.
Сангийн асуудлаас одоогоор ухрах шийдвэр нь Трамп Майк Жонсонтой удаан хугацааны уулзалт хийсний дараа гарсан байна. Тэдний хэлэлцсэн асуудлуудын нэг нь уг “зэвсэгжүүлэлтийн эсрэг” сан байсан аж.
Гэхдээ Трампын засаг захиргааны энэхүү байр суурь Бүгд Найрамдах намын хууль тогтоогчдын сэтгэлийг хангах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь тус сангийн талаарх нам доторх уур бухимдал Бүгд Найрамдах намын хөтөлбөрийг гацаагаад байгаа юм.
Намын удирдагчид цагаачлалын хууль сахиулах ажиллагаанд нэмэлт санхүүжилт батлуулахад хүндрэлтэй тулгарсан. Даваа гарагт Сенатын олонхын удирдагч Жон Туне хүртэл засаг захиргааг уг санг “өөрсдөө хаах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Санхүүжилтийн тухай хуулийн төслийг батлуулах дараагийн оролдлогууд уг санг бүрмөсөн устгах шинэ шаардлагуудтай гарцаагүй холбогдох төлөвтэй байгаа юм.
Флорида мужаас сонгогдсон Бүгд Найрамдах намын сенатор Рик Скотт өчигдөр орой сэтгүүлчдэд Цагаан ордны нэгэн албан тушаалтан уг санг “болих болно” гэж хэлсэн гэдгийг баталжээ.