
Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Харин газар өмчилсөн иргэд газрын татвар төлөх хуулийн заалттай. Учир нь өмчилсөн газар нь тухайн иргэний хөрөнгө болж үлддэг тул хөрөнгийн татвараа төлөх үүрэгтэй. Хуулийн хүрээнд энэ татварын 98 хувь нь хөнгөлөгдөж, 2 хувийг л төлдөг. Өмчилсөн газрын тухайд нэг иргэн хот суурин газарт 3000-5000 төгрөгийн татвар ногдож байхад Монгол Улсын иргэд энэ татварыг төлөхгүйгээр амьдран сууж иржээ. Хөдөө орон нутаг, сумдад энэ хэмжээ нь 1000-3000 төгрөгийн татвар ногдох жишээтэй.
Өмчилсөн газрын энэ татварыг авах асуудлаар Барилга, хот байгуулалтын яам болон агентлагуудтай хамтран ажиллаж ирэх оноос авч эхлэхээр төлөвлөөд байна.
Газрын төлбөр, газрын татвар хоёрыг давхардуулан авах уу
Газрын татвар гэхээр иргэд байтугай холбогдох агентлагийн мэргэжилтнүүд дээрх асуултыг тавьж байгаа аж. Иргэдэд үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагууд тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлсийг давхардуулан авдаггүй гэлээ.
Монгол Улсын Татварын ерөнхий хуульд зааснаар татвар гэж хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг, төлбөр гэж төрийн нийтийн өмч /иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц зэрэг/-ийг ашиглуулсны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авч улс, орон нутгийн төсөв буюу тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг тус тус ойлгодог. Иймд төрийн өмчийн газрыг эзэмшиж байгаа тохиолдолд зохих төлбөр төлөх, харин төрийн өмчийн газрыг зохих журмын дагуу өмчлөн авсан тохиолдолд газрын буюу үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөх үүрэгтэй. Тиймээс газрын төлбөр, татвар хоёрыг давхардуулан авдаг гэж ойлгож болохгүй нь.
Үндэсний аюулгүй байдалд харш ашигласан бол хураана
Монгол Улсад газар эзэмших, өмчлөх эрх нь хууль зүйн хувьд ээдрээтэй ойлголт байдгаас иргэд хооронд нь андуурдаг. Танин мэдэхүйн хувьд товч ойлголт өгөхөд эзэмших эрх нь гэрээний үндсэн дээр үүсч түүгээр баталгааждаг үүргийн эрхийн харилцаа тул төр, түүнийг төлөөлөх эрх бүхий Засаг дарга болон иргэн хоёрын ашиг сонирхлын нэгдлээс ихээхэн хамаардаг бол иргэн газрыг өмчилснөөр хуулийн дагуу уг газар түүний мэдлийнх болж, өмчийн эрхийн харилцаа үүсдэг билээ. Ингэснээр таны газар өмчлөх эрх нь хуулийн хамгаалалтад орж, аливаа эрсдлээс хамгаалагдаж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн татвараа дээр хэлсний дагуу төлж баталгаажуулах ёстой болж таарлаа.
Жишээ нь газар эзэмшүүлэх гэрээний нөхцөлийг зөрчсөн гэсэн үндэслэлээр эрх бүхий Засаг дарга захирамж гарган иргэний газар эзэмших эрхийг захиргааны журмаар хүчингүй болгодог. Газар өмчлөгч иргэн хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдалд харш хэлбэрээр ашигласнаас бусдаар халдах боломжгүй. Өөрийн газар дээрээ хар тамхины ургамал тариалах, казино ажиллуулах, гадаадын этгээдэд ашиглуулсан гэх мэтээр ашиглуулснаас бусад тохиолдолд шүү.
Харин газар ашиглах эрхийг гадаадын иргэдэд түр олгож байгаа гэж ойлгож болно. Гэхдээ хуульд заасны дагуу СӨХ газар ашиглах эрхтэй байдаг бол зарим тохиолдолд жишээ нь тусгай хамгаалалттай газар нутаг болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулдаг байна.
Мөн 2019 онд Газрын татвар, төлбөрийн системийг нэвтрүүлэхээр хөгжүүлэлтийн ажлыг хийж эхэлсэн бөгөөд тухайн систем бүрэн нэвтэрснээр газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч нь төлбөрийн мэдээллээ интернетээр, гар утас, таблет ашиглан авах, газрын татвар, төлбөрөө “Газрын татвар, төлбөрийн систем”, мобайл банк, гар утасны апплейкшн зэргийг ашиглан төлөх боломж бүрдэж байгааг Татварын ерөнхий газраас мэдээлсэн. Малчин өрх нь хот айлаар өвөлжөө, хаваржааныхаа газрыг дундаа хамтран эзэмшихийн зэрэгцээ тухайн аймаг, сумын төвд иргэн бүр хуульд заасан хэмжээний газраа нэг удаа үнэгүй өмчлөн авах эрхтэй юм.
Дашрамд дурьдахад, Газрын төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт өссөн дүнгээр 2019 оны байдлаар нийт 530 тэрбум 681 сая төгрөгийг төвлөрүүлээд байна.