
Торгуулж, эрхээ хасуулсан ч үнэмлэхгүйгээр давтан согтуугаар жолоо барьсан 5000 гаруй жолоочийг илрүүлжээ
Согтууруулах ундаа хэрэгсэл үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд торгож, жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаанд хасдаг. Гэвч уг шийтгэл дэндүү зөөлдөж байгаа учраас давтан согтуугаар жолоо барьж, зам тээврийн осол хийж байгаа жолооч нар байсаар байна.

Манай улсад нийт бүртгэлтэй жолоочийн тоо 1340 гаруй мянга. Сүүлийн 10 жил илрүүлсэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо 371,500 гаруй. Өөрөөр хэлбэл дөрвөн жолооч тутмын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль зөрчсөн үйлдэл мөн. Гэвч энэ нь цаасан дээр хараар бичсэн хууль гэхээсээ илүүтэй таны хэн нэгний эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа хариуцлагагүй үйлдэл. Гэвч дээрх мэт тайлбараар өөрийгөө өмөөрч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог байдал буурахгүй байна.

ТЦА-ны УСХ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоо “Он гарсаар эхний есөн сард улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 21151 зөрчлийг илрүүлсэн. Эдгээрээс 16607 буюу 70 орчим хувьд нь нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 400 мянган төгрөгөөр торгосон. Үлдсэн 5600 жолооч өмнө нь эрхээ хасуулсан буюу эрхгүй үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Зөрчлийн тухай хуулийн 17.7.5-д заасны дагуу 7-30 хоног баривчлуулах арга хэмжээг зохион байгуулсан” гэв.
“Согтуугаар машин барина гэдэг бол хамгийн осолтой, аюултай хэрэг бөгөөд галзуу хүнд буу бариулсантай адилхан. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт хаширтал нь хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ зөрчилд оногдох хуулийн зүйл заалтыг чангаруулах хэрэгтэй” гэх иргэд олон таарлаа.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол торгоно, жолоодох эрхийг нь хасна. Жолоодох үнэмлэхгүй дахиад согтуугаар жолоо баривал баривчлах шийтгэл ногдуулна. Гэвч үүний дараа ч согтуугаар дахиад тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргадаг тохиолдол гардаг байна. Нэг ёсондоо тооцох хариуцлага нь хөнгөн учир багахан торгох, хэсэгхэн хориод ч согтуугаар жолоо барьсаар байна.
Гэтэл бусад улс оронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд манай улстай харьцуулахад хамаагүй хүнд шийтгэл ногдуулж байна.

Харин манай улсын хувьд цусан дахь спиртийн хэмжээ нь 0,19 хувиас их бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэн торгож, жолоодох эрхийг нь хасдаг. Гэвч жолооны үнэлэхгүйгээрээ ч дахиад л согтуу жолоо барьж, зам дээгүүр явах хайхрамжгүй байдал засрахгүй байна. Тиймээс өөрийнхөө амь насыг хайрладаггүймаа гэхэд бусдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин зам дээр согтуугаар жолооны ард сууж байгаа жолооч нарыг давтан согтуугаар жолоо барихгүй болтол нь хатуу шийтгэл ногдуулдаг байх шаардлагатай байна.