Монголын ард түмний сэтгэлийн хандив болох 30 мянган толгой хонийг БНХАУ-д өнөөдөр хоёр улсын хилийн зааг дээр бүрэн хүлээлгэн өглөө. Хонь нэг бүрийг мал эмнэлгийн бүх шатны үзлэг шинжилгээнд хамруулж, олон улсын эрүүл ахуйн хэм хэмжээг мөрджээ.Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй болон орон нутаг, малчдын төлөөлөл оролцлоо. БНХАУ-д хүлээлгэн өгсөн 30 мянган толгой хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авч бүрдүүлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд коронавирусын халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламж гардуулсан билээ.