ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Аравдугаар сарын 19, 20-нд буюу сүүлийн хоёр хоногт нийтдээ 1995 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрлээ.
Аравдугаар сарын 19-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР ачааны машины хоёр жолооч буюу 40, 46 настай ОХУ-ын иргэдээс илэрлээ. Мөн Сиатл Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 327 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн нь 96 хувийн эдгэрэлттэй байна. Эдгэрсэн хүмүүсийн тав нь сувилалд, ес нь гэрийн ажиглалтад 298 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.
ХӨСҮТ-д өнөөдөр 15 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлэхэд 10 нь хөнгөн, таван нь хүндэвтэр байна” гэв.