Зураач нар нэгдэн хүчирхийллийн эсрэг уран бүтээлээ туурвиж байна
Зураач Н.Чинбат хүүхдийг хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлээрэй гэх утга агуулга бүхий нөлөөллийн зургуудыг барилгын хана болон хашаан дээр зурж эхлээд байна. Тэрээр хамгийн сүүлд л гэхэд 500 мкв талбай бүхий орон сууцны ханан дээр дэлхийд хамгийн алдартай зургуудын нэг “Гэр бүлийн тэврэлт” хэмээх зургийг зураач Б.Даваажаргалтай хамтран зуржээ.
Энэ зургийг аав болсон, ирээдүйд аав болох бүх эрэгтэйчүүдэд онцгойлон зориулан зуржээ. Зүгээр л нэг зураг гэж харахаасаа илүү хүний өөрийн гэлтгүй хүүхэд бүрийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалдаг байгаасай, гэр бүлийнхнээ айдаст автуулдаг бус, халуун дулаан уур амьсгалаар гэрээ дүүргэдэг байгаасай гэсэн утгыг энэ зургаар өгүүлэхийг зорьсон байна.
Зураач Н.Чинбат “Бид өөрсдийн гэсэн ухамсартай байх хэрэгтэй байна. Бид хүүхдүүдэд ухамсаргүйгээр үл хайхран хандаад байгаа. Хэтэрхий амиа бодсон үзлийг болиулахын тулд бусдын хүүхэд гэдэг утгаар биш нийтээрээ хамтдаа нэг нэгнийхээ төлөө тэмцдэг байгаасай гэсэн бодлоор зургуудаа зурж байгаа” гэв.
Зураач Н.Чинбат багаасаа уран зурагт дурладаг нэгэн байжээ. Гудамжны зургийг ихэд сонирхдог тэрээр нийгэмд сайнаар нөлөөлөх зураг зурах хүсэл зорилготой. 2000 оны эхэн үеэс гудамжны зураг зурж эхлэн, сонирхлоо шат шатаар ахиулж 2019 онд дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийг төгсөж зураач мэргэжил эзэмшжээ. Түүний дараагийн зураг хүүхдийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд олон нийтэд мэссэж өгөхөд чиглэгдэх гэнэ.
Тэрээр "Бид өнгөрсөн жилүүдэд олон хүүхдийг цаг бусаар алдлаа. Дандаа томчуудын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдүүд эндээд байна. Тиймээс энэ зүйлийг зурагтаа шингээж бид хэзээ ч мартаж болохгүй сэдэв гэдгийг харлуулахгүйгээр хүмүүст нэгийг бодогдуулсан байдлаар хүргэхээр зэхээд байгаа. Бид нийгэм өөрчлөгдөн цаг бусаар эндэж байгаа хүүхдүүдийн тоо буурах хүртэл зургаа зурах зорилго тавьсан байгаа” гэлээ.
Хүн бүр өөр өөрийн чаддаг зүйлээрээ нийгэмд үлгэрлэж, нөлөөлөх нь чухал. Тэгж байж сайн сайхан нийгмийг нэгдэж бүтээх учиртай гэж тэрээр ярьж байсан юм.