Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн талаар АН-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “АН-ыг дэмжиж, итгэл хүлээлгэсэн ард иргэддээ талархсанаа илэрхийлье. Найман аймагт АН ялалт байгууллаа. Нийслэлд нэлээд хүнд сонгууль боллоо. Төрийн байгууллагууд нэг намын талд үйлчиллээ. Сонгуулийн үеэр хүн амины хэрэг гарлаа. Нэр дэвших эрхгүй хүмүүс өрсөлдлөө. Хүчний хувьд илт тэнцвэргүй, будилаантай сонгууль болж өнгөрлөө. Увс, Баянхонгор аймагт нэр дэвших эрхгүй хүн сонгогдож ялалт байгууллаа” гэв.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Увс аймагт АН-ыг болгосон иргэддээ талархаж байна. МАН-аас ялалт байгуулсан нэр дэвшигч өртэй нь шүүхээр тогтоогдсон” гэлээ.
Үүнээс гадна УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Баянхонгор аймаг 1-2 суудлын зөрүүгээс МАН яллаа. Өмнө нь аймгийн удирдлагаар ажиллаж байсан нөхдүүд авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байсан. Сонгуулиас өмнө шүүхээр орох гэж байсан. Гэвч эрх баригч нам иргэдийг төөрөгдүүлж хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа хүмүүсээ нэр дэвшүүлсэн.
Ардчиллын үнэ цэнээ ойлгож дэмжлэгээ үзүүлсэн нийт иргэндээ талархсанаа илэрхийлье” гэв.
Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа "Сонгуулийн ерөнхий хороонд 369 гомдол ирсэн гэсэн ч найман асуудалд хэрэг үүсгэсэн гэсэн. Мөн хар машиныг хакердах эрсдэл байгаа учраас бэхэн тэмдэглэгээг ашиглах шаардлага тавьсан. Хар машиныг хакердахаар оролдсон хоёр хүний бичлэг байхад хууль хүчний байгууллагынхан тоогоогүй. Сонгуульд хамаагүй залилангийн хэрэг гэж үзсэн. Нийслэлийн АН сонгуулиа шударга явуулахын төлөө тууштай явна. Хууль зөрчсөн бүх баримтыг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандана. Арга хэмжээ авахгүй бол олон улсын байгууллагад хандана. Мөн иргэдийн эрх ашгийг зөрчсөн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Цэцэд хандана" гэлээ.