Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй цар тахлын үеийн урлагийн арга хэмжээ болон “Улаанбаатар” олон улсын XII кино наадмын талаар ярилцлаа.
-2020 он гарсаар дэлхий нийтээр коронавирусийн цар тахлын улмаас урлаг, спортын олон арга хэмжээ цуцлагдан хөл хорионд хэдэн сарыг өнгөрүүллээ. Тэр ч утгаараа олон арга хэмжээ онлайн хэлбэр рүү шилжин үзэгчдэд бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүрч эхэлсэн. Монголын Урлагийн Зөвлөлийн энэ жилийн төлөвлөгөөнд хэр өөрчлөлт орсон бэ?
-Манай байгууллага үүсээд байгаа коронавирсийн нөхцөл байдалтай холбоотойгоор дүн шинжилгээ хийсэн. 2019 оны арваннэгдүгээр сард батлагдсан стратеги төлөвлөгөөнд томоохон өөрчлөлтүүд орсон. Цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон учраас манай байгууллага үйл ажиллагаагаа хянаж үзсэн ба 2020 онд төлөвлөсөн ажлууд 50 хувьтай хийгдэх юм байна, төсөв 50 хувиар танагдах юм байна гэдэг урьдчилсан таамаг дэвшүүлсний үндсэн дээр арга хэмжээ авсан. Тухайлбал, зарим хөтөлбөрүүдийг онлайн болгох, өөрсдөө онлайнаар ажиллах зэргээр дотоод журам болон стратегийн төлөвлөгөөний өөрчлөлтүүдийг хийсэн. Цаг үеэ олсон төлөвлөлт хийсний үндсэн дээр цар тахлыг гайгүй давж байна. Мэдээж томоохон хэмжээний олон нийтэд зориулсан үйл ажиллагаа цуцлагдсан.
Дөрөвдүгээр сарын 29-нд Дэлхийн бүжгийн өдөрт төлөвлөж байсан “Motion Mongolia” олон улсын бүжгийн наадмыг цуцалсан. Энэхүү арга хэмжээг онлайнаар зохион байгуулах гэсэн ч хамгийн том хамтрагч болох БНСУ-ын тал цар тахалд өртөөд байсан учраас цуцлахаас өөр аргагүй байсан. Монголын Урлагийн Зөвлөлийн хэрэгжүүлдэг томоохон төслийн нэг “Нүүдлийн урлан” хөтөлбөр энэ жил гадаадаас зургаан бүжигчин ирж монголын орчин үеийн бүжигчидтэй хамтарч бүтээл туурвин олны хүртээл болгох байсан ч цар тахлын улмаас бүтэн жилээр хойшилж, цуцлагдсан.
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн хөтөлбөрийг бид эртний хамтрагч Голландын “Today’s Art” наадамтай хамтран амжилттай зохион байгуулсан. Юуны тулд медиа хөтөлбөр билээ дээ бүтээлүүд нь онлайнаар ирж медиа наадмаа амжилттай зохион байгуулсан. “Соёлын наадам” бас хөл хорионы үетэй давхацсан учраас цуцлагдсан. Харин “Улаанбаатар” олон улсын кино наадам маань аз болоход хөл хорио тавигдсан учраас зохион байгуулагдахаар болсон. Монголын үзэгчид бол азтай. Учир нь дэлхийн олон кино наадам цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийн улмаас хаагдсан, хойшилсон эсвэл онлайн хэлбэрээр болж байхад манай наадам нээлттэй, үзэгчид ирж үзэх боломжтой болсонд бид их баяртай байгаа.

-“Улаанбаатар” олон улсын кино наадамд гадаадаас ирж оролцдог байсан уран бүтээлчид оролцох боломжгүй байгаа?
-Хил хаалттай байгаа болохоор гаднаас уран бүтээлчид ирэхгүй. Гэхдээ наадмын хөтөлбөр зохицуулагч болон олон улсын уран сайхны удирдагч нар онлайнаар ажиллан бид олон улсын хөтөлбөрөө гаргасан. Олон улсын форум онлайнаар зохион байгуулах учраас хэдийгээр манай хамтрагч нар энд ирж чадахгүй ч хамтдаа догдлоод хоног тоолон хүлээж суугаа.
-Цар тахлын үеийн кино наадмын онцлог юу вэ. Өмнөх жилүүдийг бодоход энэ жил нээлтээ хийгээгүй олон кино байсан болов уу?
- Хэдийгээр манай кино наадам зохион байгуулагдаад 12 жил болж байгаа ч кино наадамд бүтээлээ өгөх соёл уран бүтээлчдэд тогтоогүй. Харин энэ жил коронавирусийн цар тахлаас болоод олон кино нээлтээ хийж амжаагүй байсан учраас нээлтийн кинонд гурван бүтээл ирсэн. Өмнө нь уралдаан зарладаг байсан ч хангалттай тооны уран бүтээл авах нь эргэлзээтэй, нээлтээ хийгээгүй кино байгаа билүү гэж бодоход хүргэдэг байлаа. Угтаа кино наадам зохион байгуулагчдын зүгээс “Улаанбаатар” олон улсын кино наадамд бүтээлээ сойно доо гэсэн хүлээлт жаахан ч гэсэн үүсээсэй гэж хүсдэг. Энэ жил нээлтийн киноны уралдаант хэсэгт “Ээж хадны домог”, “Хөхөө”, “Хэвтрийн хүн” кино ирснээс “Хэвтрийн хүн” нээлтийн киногоор шалгарсан. Уралдаант Монгол киноны хэсэгт долоон кино ирж бид баялаг сан хөмрөгтэйгөөр уралдаанаа эхэлсэн. Энэ жилийн кино наадмын цар хүрээ коронавирусээс болоод хумигдаагүй. Харин ч эсрэгээрээ тэлэгдсэн. Бид “Үзэхийн хязгаар” гээд шинэ хэсгийг нээсэн. Бидний бодож, сэтгэж үзэж харах, суралцах зүйлс маань хязгааргүй юм гэдэг утгаар нь буюу оюун санааны үзэхийн хязгаар үгүй юм гээд нэрлэсэн. Л.Өлзийтөгсийн номын нэрээр түүнээс албан ёсны эрхийг нь авч наадмын шинэ хэсгээ нэрлэсэн. “Үзэхийн хязгаар” хэсэгт соёлын илэрхийллийн олон төрлийг таниулан сурталчилья, хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй больё, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлье, Ази киноны шилдэг найруулагчдыг энэ хэсэгт оруулья гээд яваандаа энэ хэсэг маань уралдаант хэсэг болох төлөвлөгөөтэй байгаа. Дараа жилээс Азидаа энэхүү уралдаанаа зарлах төлөвлөгөөтэй. Сонирхуулахад, “Үзэхийн хязгаар” хэсгээ “Говийн зэрэглээ” монголын уран сайхны киногоор нээж байгаа. Анх удаа “Монгол кино HD” төслийн хүрээнд Доржпалам гуайн “Говийн зэрэглээ” киног HD форматад хувирган 40 жилийн ой дээр нь толилуулахаар зэхсэн. Олон улсын кино наадмын дэлгэцнээ 1980 оны монголын уран сайхны кино гарах болсонд бид бахархаж байгаа.
-Энэ жилийн сургалт, уламжлалт хөтөлбөрт бага зэрэг өөрчлөлт орсон байсан?
“Авдраа уудал” залу найруулагч нарын чадавхыг дээшлүүлэх сургалтыг “Team Tийм” ТББ-тай хамтраад зохион байгуулж байна. Өмнө жилүүдэд бид олон улсын хамтрагч нартай сургалт явуулдаг байсан бол энэ жил онлайнаар гадны найруулагчдыг урин оролцуулж байна. Уралдаант хэсэгт шалгарсан 11 залуу найруулагчид манай сургалтын хүрээнд баг болон ажиллаж таван богино хэмжээний кино гарган арваннэгдүгээр сард сургалтын үр дүнгээ үзнэ. Кино форум хоёр хэсэгтэй онлайнаар зохино байгуулагдана. Нэгт “COVID-19-ийн кино урлаг дахь нөлөөлөл болон монголын кино урлагийн өнөөгийн байдал” сэдвээр болно. Хоёр дахь хэсэг нь “Лакорно” олон улсын кино наадмын нээлттэй хөтөлбөрийн тухай болон энэ жил амжилттай оролцсон уран бүтээлчдийг онлайнаар оролцуулах, ирэх жилийн “Лакорно” нээлттэй хөтөлбөрийн Азийн бүсийн форумыг зохион байгуулах талаар ярилцах завшааныг кино сонирхогч болон киночдод олгож байгаа. Манай кино наадмын уран сайхны удирдагчаар Г.Жигжидсүрэн найруулагч ажилладаг. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Г.Жигжидсүрэн ахлагчтай М.Оргил, Б.Түмэн-Өлзий, П.Батхуяг гээд киноны салбарынхан болон гадаадын зөвлөхөөр хоёр уран бүтээлч ажилдаг. Мөн бид энэ жил анх удаа Азийн кино хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Азийн нэрт хоёр найруулагч болон нэг залуу найруулагчийн бүтээл энэ хэсэгт гарна. Манай наадамд олон улсын кино наадмаас Азийн кино ховор ирдэг.
Ингээд энэ жил 11 орны 19 кинотой өргөн хөтөлбөртэйгөөр кино наадмаа эхлэх гэж байна. Найруулагчийн гарын үсэгтэй шилдэг бүтээлүүд ирдэгт кино наадмын онцлог оршдог.
Бид Швейцарын Хөгжлийн Агентлагаас санхүүжилт аван UBF.mn гээд веб сайттай болж байгаа. Олон улсын кино наадмууд өөрийн гэсэн вэб сайттай байдаг. Бид энэ жил вэб сайтаа нээхээр бид илүү цар хүрээгээ өргөтгөн олон улсын кино наадмын мэдээ мэдээллийг нэгтгэн оруулах, уралдаант олон улсын хэсгийг зарлах боломж бүрдэнэ.
-“Улаанбаатар” олон улсын наадмын 12 жилийн түүхийг нэг дороос харж болох нь ээ?
-Кино наадамтай холбоотой архивын бүхий л мэдээ мэдээллээ оруулна.
-Кино наадмын дараа ямар хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ. Өнгөрсөн зун коронавирусийн хөл хорион дунд онлайнаар эхэлсэн эмэгтэй гэрэл зурагчдад зориулсан “Zoom” хөтөлбөрийг эхэлсэн. Энэ хөтөлбөр үргэлжлэх үү?
-Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Урлагийн Зөвлөл хамтраад хүйсийн тэгш харилцааны талаарх ойлголтыг төлөвшүүлэх, эмэгтэй гэрэл зурагчдыг дэмжихээр “Zoom” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүйсийн тэгш байдлыг хараад байхад эмэгтэй гэрэл зурагчид ховор байдаг. Тиймээс л эмэгтэй гэрэл зурагчдын чадварыг дээшлүүлье, мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн ангиллаар тэднийг дэмжье гэсэн. Алсын хараа нь дэлхийд танигдах монгол эмэгтэй гэрэл зурагчныг гаргая гэсэн гол зорилготой. Гэрэл зургийн дурангаараа дамжуулан нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлсийг хүйсийн тэгш эрхтэйгээр үзүүлж байгаасай гээд олон хэвшмэл ойлголтоос салгах зорилгоор төслөө эхлүүлсэн. Бид төслөө хэрэгжүүлэхдээ оролцогчдоо суралцуулах буюу чиглүүлж өгөх цаг хугацаа хэрэгтэй байсан. Учир нь хүмүүс гэрэл зургийн уралдаан гэхээр бэлэн зургаа өгдөг. Сэтгэдэггүй, өөртэйгөө ажилладаггүй, агуулгад дээрээ сууж, бүтээлчээр хандахаа больсон байна. Гэрэл зургийн уралдаан гэхээр өөрт байсан эмэгтэй хүний хөргөө явуулдаг хандлага арилахгүй байгаа. Бид илүүтэй жендерийн асуудлыг хөндсөн нийгэм рүү чиглэсэн зүйлсийг дурандаа олж буулгахыг хүсээд байгаа. Тэр түвшинд хүртлээ уран бүтээл туурвихад нь бид тухайн хүнтэй ажиллах, мэргэжлийн зөвлөгөө өгөх шаардлага гараад байгаа учраас шалгаруулалтыг эхний шатанд гарган хоёр дахь шатандаа дахин ажиллан дараагийн шатанд уралдааны дүнг гаргах болоод байгаа. Мөн энэхүү уралдаанд сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулан тэдэнд мэргэжлийн дохионы хэлмэрчтэйгээр сургалтад суух боломжийг олгосон. Эхний шатны 36 оролцогчоос 12 хүн шалгарсны нэг нь сонсголын бэрхшээлтэй иргэн байгаа. Бид нийгмийн тэгш оролцоот байдлыг урлагаар дамжуулан тэлж чадаж байгааг энэ төсөл харуулсан. Тэдэнтэй дахин ажиллаж арваннэгдүгээр сарын сүүлээр үзэсгэлэнгээ дэлгэх төлөвлөгөөтэй байна.
-Одоо дотооддоо урлаг, соёлын арга хэмжээг нээлттэй болгосон. Гэхдээ хилийн хори тавигдаагүй байгаа учраас цар тахалтай уялдуулан дараа жилийн хөтөлбөрөө боловсруулсан уу?
-“Zoom” хөтөлбөрийн гэрэл зургийн үзэсгэлэн, “Тусгал” гэрэл зургийн үзэсгэлэн, каталогийг гаргаснаар энэ жилийн арга хэмжээ өндөрлөнө. Түүний дараа 2021 оны төлөвлөгөөгөө батална. Энэ жилийн ажилдаа санаа зовохгүйгээр ирээдүй рүүгээ харж ажиллаж байгаа. Ирээдүйгээ төлөвлөж байж ирээдүйгээс суралцдаг гэдэг шүү дээ. Онлайн хөтөлбөрүүдээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. “COVID-19”-оос болоод анхаарах байсан салбар маань орхигдсон байсныг нөхөн, хоёр талт стратегийг боловсруулж байна. 2020 онд Монголын Урлагийн Зөвлөлийн 20 жилийн ой болно. Бид 20 жилийн ойгоо ямар амжилтаар угтах вэ гэдэг том хүлээлт байгаа. Цар тахлын үеэр хийсэн бидний хамгийн том ажил бол Чойжин ламын музейн гаднах тохижилтын ажил байгаа. 2021 онд бид Богд хааны музейн гаднах орчинг тохижуулахаар төлөвлөсөн.
Бид “Ковидтойгоо амьдарья” гэдэг дэлхий нийтийн урианд нэгдэж байгаа. Тиймээс хөгждөгөөрөө хөгжье. Соёл урлагийн нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг хаалттай үе улам ихэсгэж байгаа. Хүн бүр гэртээ суухаар уйдан музей, театраар онлайн зочлох болсон. Бүх зүйл нээлттэй болоход урлаг үнэгүйдэх вий гэдэгт санаа зовж байгаа. Дэлхийн “COVID-19”-ийн олон улсын судалгааг харж байхад соёл урлагийн салбараа дэмжихэд олон улс санхүүгийн дэмжлэгийг өргөн хүрээнд тавьж өгч байна. Ингэснээр уран бүтээлчид өөрсдийн бүтээн туурвих чадавхыг дээшлүүлж, урлагийн үнэ цэнэ өсөн, чанар сайжирна. Тиймээс олон улсад цар тахлын улмаас чөлөөт уран бүтээлчдийг дэмжиж, уран бүтээлчдэд зориулсан тэтгэлгийн сангаа нэмж байгаа нь сайшаалтай. Учир нь урлаг соёл өөрөө хүний хөгжлийн дөрөв дэх тулгуур юм. Нийгэм, эдийн засаг, байгаль орчноос гадна соёл урлаггүйгээр хүн оршин тогтнох боломжгүй гэдгийг “COVID-19” маш сайн хэлж өгсөн.