Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж иргэдийн зүгээс шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас замын түгжрэлийг буруулах үүднээс Зүүн дөрвөн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах туршилт эхэллээ.
Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс өглөөний 07:30-09:00 цагийн хооронд буюу хөдөлгөөн хамгийн их ачаалалтай байдаг үед Зүүн дөрвөн замын уулзварт урдаасаа буюу Халдвартын эмнэлэг чиглэлээс хойшоо чиглэж байгаа замын хөдөлгөөнийг зөвхөн баруун гар тийшээ буюу зүүн зүг рүү эргүүлэх зохицуулалтыг хийж хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурна гэж үзжээ.

Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Б.Ууганбаяр “Энэхүү зохицуулалтыг хийснээр урдаасаа Чингисийн өргөн чөлөөгөөр орж ирж байгаа болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ирдэг хөдөлгөөн Зүүн дөрвөн зам дээр ирээд баруун гар тийшээ эргээд явахаар хөдөлгөөний ачаалал хурдан сийрэх боломжтой гэж үзсэн учраас хөдөлгөөний чигийг өөрчилж байгаа. Өнөөдөр энэхүү чиглэлийг өөрчлөөд үзэхэд Энхтайваны өргөн чөлөө буюу зүүнээсээ баруун тийшээ явж байгаа хөдөлгөөн маш сийрэг үргэлжилсэн. Тухайн тээврийн хэрэгслийн Намьянжүгийн гудамжнаас буюу урдаасаа ирж байгаа хөдөлгөөн нь бүгд зүүн гар тийш эргэж хөдөлгөөнд оролцохоор буцаж эргэж төв замаар хөдөлгөөнд оролцохоор хөдөлгөөний ачаалал хурдан багасаж байгаа” гэв.
Харин энэ талаар жолооч нар “Зөвхөн зүүн эргүүлэхээр хойшоо явж байгаа уулзвараа түгжээд хэцүү л байна”, “Чигээрээ яваад 100 айл руу ажилдаа хоёр цаг явж очсон байсан хүн зүүн гар тийшээ эргэхээр тойроод 10 цаг түгжирч ажилдаа очно шүү дээ”, “Бүүр хэцүүдэх юм биш үү” гэлээ.

Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэвч одоо 900 гаруй автобус нийтийн тээвэрт явж байгаа. Ойрын хугацаанд 500 орчмынх нь ашиглалтын хугацаа дуусна. Тиймээс асуудлыг цогцоор нь шийдэх аргаа хурдан олохгүй бол хотын тээврийн хөдөлгөөн “0” зогсолт хийхэд ойрхон байгааг судалгаанууд харуулсаар байна.