
2019 оны хамгийн чухал үйл явдал бол яах аргагүй Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулсан ажил. Энэ ажилд “Тавантолгой түлш” ХХК-ний хүчин зүтгэл маш их байгаа. Өнгөрсөн жил сайн, муу их л үг сонсоо биз дээ...? -Нийслэлийн унаган иргэнийхээ хувьд хотынхоо утааг бууруулахад хувь нэмрээ оруулж яваадаа бахархдаг. Анх ажил аваад шууд утаа арилчихна гэж бусдын нэгэн адил итгэлтэй байгаагүй. Гэхдээ ажил хийвэл дуустал гэдэг зарчмаар үзээд л алдъя гэж бодсон. Анх 20,30-лаа үйлдвэрийнхээ шавыг тавиад гар бие оролцоод явж байхад баруун үйлдвэр нь утааг асуудалгүйгээр 50 хувь буурууллаа гэхэд өөрийн эрхгүй л урам зориг орсон шүү. Сайн, муу үг сонсох нь яахав, үйлдвэрлэлийн технологио улам сайжруулах, горим, стандартаа барих гээд тийм хэл аманд нэг их ач холбогдол өгөөгүй. Гэхдээ олон нийт маш сайхан дэмжиж голдуу баярлаж талархсанаа илэрхийлдэг байсан. Одоо ч энэ хандлага хэвээрээ байгаа. Харин ажил явж байхад төвөгтэй асуудал нь улс төржилт л байдаг юм билээ.
Өвөл хаяанд иржээ. Танай үйлдвэр өвлийн бэлтгэлээ хангасан уу?
Манай Тавантолгой компани 12 шугамаа бүрэн ажилд оруулаад нийтдээ ноднин жилийнхээс үйлдвэрлэлийн гарцыг нэг дахин нэмэгдүүлж 2500-3000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорилт тавиад ажиллаж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил өвлийн бэлтгэлээ 100 хувь хангасан гэж үзэж болно. Өнөөдрийн байдлаар агуулахууддаа 100 гаруй мянган тонн бүтээгдэхүүнээ хадгалаад байна. Ноднин жил маш олон цэгүүд дээр түлшийг задгай савлах ажлыг зохион байгуулж байсан. Харин энэ жил 12 шугамаа бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглосон учраас бүтээгдэхүүнээ 25 кг-аар савлаж шуудайлж байгаа. Тийм учраас жингийн зөрүү гэдэг асуудал гарахгүй. Мөн борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүллээ. 2019 онд 400 гаруй борлуулалтын цэгээр шахмал түлшийг худалдаалж байсан бол энэ жил 1000 гаруй цэгээр хэрэглэгчид маань түлшээ хүлээж авах боломжтой болоод байна. Үйлдвэрүүд дээр 6 машин нэмж суурилагдсан, бүх машинууд сул зогсолтгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Энэ жил үйлдвэрийг автоматжуулах ажил хийгдсэн. Нэг дамжлага дээр 50 хүн ажилладаг байсан бол одоо 50 хүн ажиллахаар болгож автоматжуулсан.
Өнгөрсөн жил шахмал түлшинд итгэх хүмүүсийн итгэл сул байлаа. Дээрээс нь маш их улстөржүүлж байсан. Энэ жил бүтээгдэхүүний чанар сайжирсан уу?
Өнгөрсөн жил ч сайн байсан, энэ жил бүр л сайжруулахын төлөө ажиллаж байна. Би нэг л зүйлийг баттай хэлье. Түлш барьцалдуулагч бодис нь үнэхээр хүмүүсийн яриад байсан шиг хортой биш. Үйлдвэрт маань бас л хүмүүс ажиллаж байна шүү дээ. Гэрийн зуухны дэргэдэх нөхцөлөөс хүнд нөхцөлд бараг л энэ түлшээр “амьсгалж”, “амьдарч” манай хүмүүс ажилладаг. Тэгээд яагаад хордохгүй байгаа юм гэдэг асуулт гарна. Үйлдвэрийн ажилчид маань ганц өвөл ч биш жилийн дөрвөн улиралд ажилладаг юм шүү дээ. Бидний хэрэглэж буй барьцалдуулагч нь хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн органик бодис гэдгийг дахин хэлье. Бид бүтээгдэхүүнээ Монгол Улсад одоо мөрдөгдөж буй шахмал түлшний стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнээ гадаад болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлж, шалгуулж үр дүнг нь тогтмол хянуулдаг. Манай мэргэжлийн хяналтын байгууллагаас гэхэд орц жор ямар байгааг нь, чанарын шаардлагад нийцэж байгаа эсэхийг нь сард нэгээс хоёр удаа ирж тогтмол шалгадаг. Мөн манай үйлдвэрийн технологичид бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг шугам бүрээр нь цаг тутам автоматжуулсан багаж төхөөрөмжөөр шалгадаг.
Ямар нэгэн улсын үйлдвэрийн газрын дарга захирлуудыг санхүүгийн хувьд хүмүүс маш их харддаг шүү дээ. Өөрөөр хэлбэл ашигтай ажлын байр гэж хардаг. Таныг тэгж хардах тохиолдол гарч байна уу? -
Нэгдүгээрт, Тавантолгой түлш бол улсын өмчит үйлдвэрийн газар. Засгийн газрын 62-р тогтоолоор ЭТТ компанийн охин компани болон байгуулагдсан. Олон жил хүнд үйлдвэр, уул уурхайн салбарт ажилласныг маань төр болон хувийн хэвшлийн удирдлагууд мэддэг түүнийхээ дагуу итгэл хүлээлгэж үүрэг, хариулцлага оногдуулсныг миний бие хүлээн авсан. Эхэндээ итгэж чадахгүй энэ ажлыг хийж чадах болов уу гэж эргэлзэж л байсан. Гэхдээ энэ жилээс хийж буй ажлынхаа үр дүнг бүр ахиулна гээд ингээд ажиллаж байгаадаа баяртай байна. Хоёрдугаарт, би бол Үйлдвэрлэлийн л хүн. Үйлдвэрийн албаны дарга гэдэг чинь үйлдвэрлэлээ л өдөрт тутамд нь хариуцдаг ажилтай.
Та бүх зүйл тооцоо, судалгаанд суурилах ёстой гэдэг зарчимтай хүн. Энэ үйлдвэрийн түүхий эд бүтээгдэхүүний чанар, стандартад 100 хувь итгэж болох уу?
Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ маш их тооцоо судалгаанд үндэслэж хийсэн. Мөн түүхий эд, хэрэглэгчээ ч судалсан. Хэрэглэгчийнхээ онцлогийг ч судалсан. Чадлынхаа хэрээр сургалт сурталчилгаа хийж, зөвлөмжийг тараасан. Энэ жил ч энэ ажил эхлээд явж байгааг манай иргэд мэдэж байгаа байх. Айл өрхүүдээр орж утаа мэдрэгч суурилуулахаас эхлээд, галлагаагаа хэрхэн хийх, одоо яндангаа хэрхэн хөөлөх вэ гэдэг сургалтыг Засгийн газраас хэрэгжүүлээд явж байна. Энэ ажил маань хоёр талын л идэвх оролцоо, хариуцлагаас шалтгаална гэж хардаг. Нэг талаас бүтээгдэхүүний чанар, нөгөө талаас хэрэглэгчдийн зөв, ухамсартай хэрэглээ. Дэлхийд хоёр төрлийн шахмал түлш байдаг. Нэг нь шорлог хийхэд зориулагдсан нөгөө нь гэрийн зууханд шатаадаг. Хоёр дахь нь буюу ахуйн хэрэглээний түлшний барьцалдуулагч нь эко байх ёстой. Манай компанийн хувьд органикийг хэрэглэдэг. Учир нь манай үйлдвэрийн хэрэглэж байгаа бэхжүүлэгч бодисын 80 хувь нь цардуул буюу эрдэнэшишийн үрийг хатааж нунтагласан, цавуулаг чанарыг нь нэмэгдүүлчихсэн органик хуурай барьцалдуулагч бодис. Үлдсэн 20 хувь нь байгалийн шар шавар, эрдэнэшишийн гурил цардуулыг нийлүүлсэн ийм л бүтээгдэхүүн. Одоо манай үйлдвэрийн хэрэглэж байгаа барьцалдуулагч бодис л гэхэд олон улсын стандартуудыг бүрэн хангасан түүхий эд. Монгол Улс MNS 5679219 гэж шахмал түлшний шинэ стандартаа шинэчлэн баталсан. Эдгээр бүтээгдэхүүн нь тэр стандартад бүрэн нийцсэн. Мөн энэ бодисоо оруулж ирэхийн тулд олон улсад хэрэглэдэг шахмал түлштэй холбоотой маш олон технологи, стандартуудыг судалж хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлгүй нь оруулж ирсэн юм.
Шахмал түлшийг гадаадын лабораторид шинжлүүлсэн гэсэн. Хаана, ямар улсад шинжлүүлдэг вэ?
Солонгос, Герман Хятад гэсэн гурван улс руу бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулж, үзүүлэлтийг нь шинжлүүлдэг. Улмаар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүндээ тохирсон техник хэрэгсэл тоног төхөөрмжийг захиалж оруулж ирэх ажлыг хүртэл зохион байгуулсан.
Танай хамт олон болон та энэ жил илүү урам зоригтой ажиллах байх. Утааг улам багасгах ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Надад хүний төлөө юм хийе гэсэн хүсэл эрмэлзлэл байна. Багахан ч гэсэн юм хийж бүгдээрээ илүү аз жаргалтай амьдрахын тулд би юу хийж чадах вэ гэж өдөр бүр боддог. Дээрээс нь улс төрийг оролцуулахгүйгээр надад нэг зарчим байдаг. Монгол хүн хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй. Хэлсэн ярьсандаа эзэн байхыг би гол зарчмаа гэж болгодог. Манай хамт олон илүү их хичээн ажиллах болно.