Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн дэмжлэгээр Япон Улсад суралцах болзол  хангасан нийт 50 оюутан өнөөдөр тусай үүргийн нислэгээр тус улсыг зорилоо.

Болзол хангасан оюутнууд жил бүрийн 4 дүгээр сараас эхлэн тус улсад суралцдаг уламжлалтай. Энэ оны хувьд дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас оюутнуудын Япон Улс руу явах хугацаа хойшлогдож, 4 дүгээр сараас эхлэн өнөөг хүртэл цахимаар хичээллэж байлаа. Ийнхүү тэд Монгол Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр нисч байгаа юм.

“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж өдгөө 6 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Дээрх 50 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2,5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байна.

2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 670 оюутан, судлаач багш нар төслийн хөтөлбөрүүдэд хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 67 хувийг эзэлж байна.