Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээр олон улсын стандартаас дөрөв дахин бага

Иргэн, аж ахуйн нэгж байгаа орчиндоо мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлвэл тодорхой хэмжээний урамшуулал авдаг тогтолцоо бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд төсөв мөнгө байхгүйгээс энэ урамшууллыг олгохоо больжээ. Газар нутгийнх нь зургаан хувьд хүрдэг ногоон байгууламжтай хотод иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хөшүүрэг нь урамшууллын тогтолцоо байх ёстой юм.

Та бидний амьдран байгаа Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн өнгө төрх энэ. Хотын төв рүүгээ бага сага мододтой, гэр хороолол, хотын зах руугаа бараг алга гэдгийг энэ зургаас харж болно. Уул нь нэг саяас дээш хүн амтай хотод олон улсын стандартаараа нэг хүнд 24 м2 ногоон байгууламж оногдох учиртай.

Гэтэл надад, танд 4-6 м2 ногоон байгууламж оногдож байна. Үүнийг Улаанбаатар хотын нийт газар нутагтай харьцуулан үзвэл ердөө зургаахан хувь нь байна. Ийм саарал хотод иргэн бүрийг, гэр хорооллын айл бүрийг мод тарьж ургуулахад уриалж, урамшуулал өгч, дэмжвэл хотоо амархан ногооруулж болно.

Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөлийн тэргүүн О.Мэндсайхан “Сүүлийн үед иргэд ногоон байгууламжид сэтгэл гарган хашаандаа мод их тарьдаг болсон. Ялангуяа зуслангийн газар дээрээ иргэд мод тарихаар бидэнд хандан зөвлөгөө их авч байгаа. Ямар мод тарих у,у хэрхэн арчлах уу гээд сүүлийн үед ногоон байгууламж руу иргэд сэтгэл гаргадаг болжээ. Үүн дээр нь жаахан хөшүүрэг өгвөл манай Улаанбаатар ногоон болох бүрэн боломжтой. Жишээ нь нэг хорооны нэг өрх 10 мод тарилаа гэхэд дунджаар бодоход тухайн хороо 40 мянган модтой болох боломж байна" гэв.

Судалж үзэхэд 2015 онд Байгаль орчны сайдын гаргасан тушаалд мод тарьсан иргэн, аж ахуйн нэгжид урамшуулал олгох тухай тодорхой дурджээ. Ойн тухайн хуулинд ч бас бий. Харин одоогийн байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас орон нутгуудад л журам бий, гэсэн ч сүүлийн 2 жил төсөв мөнгө байхгүйгээс мод тарьсан иргэн айл өрх ААН-д урамшуулал олгохоо больсон гэж хэлсэн.

2018 оноос нийслэлийн удирдлагууд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд иргэдийг оролцуулахын тулд гэж тодорхойлсон ч тун хязгаарлагдмал хүрээнд нэг аян зарласнаас өөрөөр урамшуулж шагнасан тохиолдол алга. Уул нь урамшуулах тогтолцоо нь хэвээр байгаад хэн нэгэн даргын халаас руу орчихгүй бол байгаль орчинд нэн тустай юм.