Циркчин Б.Золбаяр гэр хороололд амьдардаг хүүхдүүдэд зориулан Чингэлтэй дүүрэгт цирк байгуулжээ
Хотын төвөөс зайдуу, гэр хороололд амьдардаг хүүхдүүдэд циркээр хичээллэх боломж олгож, хувийнхаа зардлаар бэлтгэлийн заал барьсан циркчин Б.Золбаярыг онцолж байна. 28 жилийн өмнө циркийн сургуульд 1000 хүүхдээс шалгарч, тэнцсэн 25 хүүхдийн нэг болсноор түүний амьдрал циркийн урлагтай холбогдсон түүхтэй. 10 настай байхдаа Толгойтоос циркийн сургууль хүртэл автобусаар явдаг байсан нь түүнд багагүй ачаа болдог байв.Тийм учраас өөртэйгөө адил хүсэл сонирхолтой хүүхдүүдэд зориулан гэр хороололд бэлтгэлийн заал барихаар 10 гаруй жил мөрөөдөж, 2019 онд мөрөөдлөө бодит ажил болгоод байна.

Монголын циркийн сургуулийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ 80 жилийн түүхэнд анхны хувийн бэлтгэлийн заалыг циркчин Б.Золбаяр барьсан юм. Банканд барьцаалж болох бүхий л зүйлээ тавьж 420 гаруй сая төгрөгөөр энэ заалыг барьсан. Бусдын жишгээр хотын төвд бус гэр хорооллыг тэр сонгосон нь учиртай. 2019 оны 10 дугаар сард циркийн бэлтгэлийн заалаа албан ёсоор нээж, өнөөдөр энэ зааланд анхан суралцагчаас эхлээд оюутнууд хичээллэж, , мөн мэргэжлийн уран бүтээлчид бэлтгэл сургуулилалтаа хийж байна.

“Зола борс цирк”-ийн захирал Б.Золбаяр “Аравхан настай хүүхэд анх циркийн сургуульд элсэн орж ганцаараа л хичээлдээ явдаг байсан. Тухайн үед цаг ч тайван хүргэж өгнө, авна гэж зүйл байсангүй. Ганцаараа автобусанд суугаад явна. Заримдаа автобусандаа багтахгүй үлдээд араас нь дараагийн буудал хүртэл гүйж байж амжиж суух үе ч байсан. Тэгж байж очиж бэлтгэлээ хийнэ. Бэлтгэлээ хийгээд өдөр нь Хөгжим, бүжгийн коллежид ерөнхий эрдмийн хичээлээ үзээд орой 5-6 цагийн үед дахин циркийн бэлтгэлээ хийн гэртээ цүнхээ даахгүй л харьдаг байсан. Тиймээс би циркийн сургуулийн бэлтгэл хийх заалыг гэр хорооллын алслагдсан хүүхдүүдэд зориулж барих юмсан гэж их боддог байсан. Яагаад гэхээр өөрөө тэр зовлонг нь туулсан болохоор ийм л зүйлээс болж хүүхдүүд их шантарч энэ урлагаас гардаг байсан.

1992 онд 10 настайдаа циркийн сургуульд элсэн орж байсан тэрээр таван жилийн дараа 10 жилийн сургуулиа төгсөөгүй байхдаа циркийн жүжигчин болж байжээ. Улмаар 2000 оноос хойш циркийн аюулгүйн инженер, жүжигчин, найруулагч хийж явсан. Монгол улсын циркийн урлагийг дэлхийд таниулахын зэрэгцээ ирээдүйн уран бүтээлчдийг бэлтгэж байна. Энэ дундаа хөгжлийн бэрхшээлтэй, зорилтод бүлгийн хүүхдүүдийг циркийн дугуйланд үнэ төлбөргүй сургаж, тэднийг өөртэй итгэлтэй, өөрийгөө нээх нийгэмшүүлэх циркийг эхлүүлжээ.
Хүүхдүүдэд хүрч үйлчилж, тэдэнд циркийн урлагаар дамжуулан хувь хүний төлөвшил, ёс суртахуун, хүмүүжил олгох нь түүний бас нэгэн зорилго. Ерөөс ашиг харж энэ ажлыг хийгээгүй гэдгээ тэр хэлсэн үг бүрдээ тодотгож байв. Тиймдээ ч сонирхсон хүүхэд бүрт үүд хаалга нь нээлттэй.. Мөн мэргэжлийн урлагийн байгууллага хувьчлагдаж, циркийн уран бүтээлчид бэлтгэл ч хийх газаргүй болсон. Тэдэнд ч мөн боломж олгож, бэлтгэлийн зааландаа бэлтгэл сургуулилалтыг нь хийлгэж байна.

Уран нугараач, циркийн жүжигчин Д.Билгүүн “Бэлтгэлээ хийхийн тулд хувиараа заал түрээсэлдэг байсан. Маш жижигхэн зааланд олуулаа бэлтгэл хийх болно. Харин энэ заал бий болсноор бид хүссэн үедээ бэлтгэл сургуулилалт, нугаралтаа хийх боломж бүрдсэнд маш их баяртай байгаа” гэлээ.
Дүүрэг бүрийн гэр хороололд яг үүнтэй адил бэлтгэлийн заал барих нь түүний дараагийн зорилго. Мөн ЕБС-д очиж циркийн үзүүлбэр үзүүлж байх хэтийн бодол тээжээ. Циркийн үзүүлбэрүүд нь дэлхийд гайхагдаж, олон улсы олон тэмцээний шилдэг болж байсан тэрээр ийнхүү ирээдүйн циркчдийг бэлтгэх их аянаа эхлүүлээд байна.



