Тэмдэглэл хөтөлнө гэдэг зүгээр л өөрийн амьдралд тохиолдсон зүйлсээ цаасан дээр буулгахыг хэлдэг. Гэвч энэхүү энгийн, хялбар зуршил нь маш олон алдартай хүмүүсийн амжилтын түлхүүр болсоор ирсэн гэвэл та итгэх үү. Опра Уинфри, Марк Твен, Чарльз Дарвин, Томас Эдисон, Альберт Эйнштейн, Кэти Ледеки гээд тамирчин, зохиолч, зохион бүтээгч, эрдэмтэд гээд бүх салбарын алдартнууд тэмдэглэл хөтөлдөг байжээ. Тэгвэл тэмдэглэл хөтлөх нь ямар ач тустай талаарх мэдээллийг хүргэж байна.
Тэмдэглэл бол ахиц дэвшлийн баталгаа
Танд сайхан зүйл тохиолдсон тухай нэг өгүүлбэр бичиж үлдээх нь хожим сэтгэлээр унасан үед танд хүч өгөх болно. Хүмүүс өөрсдөд нь ганц таагүй өдөр тохиоход л өмнө нь хэчнээн ахиц дэвшил гаргаснаа мартаж орхидог. Харин танд тэмдэглэл байхад харах өнцгөө эерэг хэвээр байлгахад туслах болно.Тиймээс та өмнөх тэмдэглэлүүдээсээ сар, жилээр хэчнээн ахиж, дэвшсэнээ олж хараад баярлах нь гарцаагүй.
Шинэ сургамж авах боломж
Виржиниа Вүүлф бол XX зууны эхний хагасын хамгийн чухал уран бүтээлчдийн нэг төдийгүй бүх цаг үеийн хамгийн нөлөөтэй эмэгтэй зохиолчдын нэг билээ. Тэрбээр “хуучин тэмдэглэлээ эргэн уншихад тухайн үедээ олж харж чадаагүй зүйлээ хардаг” гэж хэлдэг байв. Өөрөөр хэлбэл, хуучин өдрийн тэмдэглэлээ унших нь гайхалтай номыг хоёр дахь удаагаа уншихтай адил гэж ойлгож болно. Та өгүүлбэрүүдийг унших бүртээ, өнгөрсөн хугацааг өөрөөр харах боломжтой.

Ой санамжийг хурцална
АНУ-ын зохиолч Шерл Стрейд “Wild” номоо бичихдээ өөрийн тэмдэглэл дээр тулгуурлажээ. Тэрбээр “Надад тохиолдсон явдлууд ой санамжид минь хэчнээн бүдгэрч, мартагдсан байлаа ч, тэмдэглэл дээр минь хэн, юу, яаж, хэзээ, яагаад гэсэн бүх асуултад маш тодорхой хариулт үлдээсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй, миний өөр хаанаас ч олж харж чадахгүй 26 насны минь дүр төрхийг илэн далангүй, үнэнээр нь надад харуулж, сануулж чаддаг ганц зүйл” гэж хэлсэн юм. Цаг хугацаа танд хэлэлгүйгээр царай төрхийг тань өөрчилж, үүгээр ч зогсохгүй үзэл бодлыг тань хүртэл нэг л мэдэхэд өөрчилсөн байх нь бий. Тиймээс бидний авсан туршлага, туулсан зам мөр бүрийн дараа бодол санаа маань бага багаар өөрчлөгдөж байхад, гагцхүү тэмдэглэл л таны үзэл бодлыг тухайн цаг мөчид тэр чигт нь “хөлдөөн” үлдээх чадвартай. Өөрийнхөө хуучны зургийг үзэх нь таныг тухайн үед ямар харагдаж байсныг сануулдаг шиг, хуучин тэмдэглэлээ унших нь тухайн цаг мөчид ямар итгэл үнэмшил, үзэл бодолтой байсныг тань сануулж, таныг гайхшируулах болно.
Таныг өдөр бүр урамшуулна
Өдрийг хэрхэн өнгөрүүлснээс шалтгаалж орой бүр тэмдэглэл дээрээ юу бичих тань шийдэгдэх тул, та нар жаргахаас өмнө ядаж ганц сайхан зүйл хийхийг хичээнэ. “Би өнөө орой тэмдэглэл дээрээ ямар нэг сайхан зүйл бичмээр байна” гэх энэ бодол нь таныг өдөр бүрийг зөв ашиглахад туслах юм.