Тоглоомын талбайн гулгуур сууриараа газар унаж, тоглож байсан хүүхдийн дуу “тэнгэрт хадаж” буй бичлэг цахим орчинд цацагдаж, бага насны хүүхэдтэй хэн бүхнийг хирт хийлгэв. Үнэхээр ч манай улсад хүүхдийн тоглоомын стандарт орхигдсон сэдэв. Орон сууцны гадна савлуур, гулсуур суурилуулдаг ч түүний насжилт, элэгдэлтэд хэн ч анхаарал хандуулдаггүй. Тиймээс эвдэрч, гэмтсэн үедээ тус биш ус болж орхидог. Гэр хорооллын хүүхдүүдийн тоглох орчин бүр ч адармаатай.
Гэмтсэн хүүхдүүдийн талаас илүү хувь нь гадаа тоглож байхдаа гар хөлөө хугалсан байна
ГССҮТ-Д жилд 10-40 мянган хүүхэд осол гэмтлийн шалтгаанаар эмчлүүлдэг байна. Үүний талаас илүү хувь нь гадаа тоглож байхдаа гар хөлөө хугалж, толгой, тархиа гэмтээдэг аж. Тодруулбал, нийт гэмтсэн хүүхдүүдийн 41.2 хувь нь ямар нэг зүйлээс унаж, 17 хувь нь амьгүй механик хүчинд өртсөн байдаг. Түүнчлэн 2017 оноос хойш гэмтэж, бэртсэн хүүхдийн тоо тогтмол өссөөр байгаа бөгөөд осол гэмтэлд өртсөн гурван хүн тутмын нэг нь 0-5 насныхан байна. Эдгээрээс хамгийн их хувийг 0-4 насныхан эзэлж буй юм. Уг нь хүүхдийн тоглоомын стандартыг 2017 онд баталсан ч төрийн албаныхан хүүхэд хамгаалах асуудалд хойрго хандаж буй учир гэмтсэн хүүхдийн тоо буурахгүй, эвдэрхий тоглоом цөөрөхгүй байна.
Олон улсын стандартын дагуу баригдсан тоглоомын талбай алга
Нийслэлд 650 орчим хүүхдийн тоглоомын талбай бий. Гэхдээ үүний тал хувийг нь зайлшгүй засаж, шинээр тохижуулах шаардлагатай аж. Тодруулбал, стандартын шаардлага хангахгүй, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй 300 гаруй тоглоомын талбай бий. Эдгээрийн олонх нь 1970-1980 онд баригдаж, эдэлгээний хугацаа дууссан нь төмөр, мод бүхий гулсуур, савлуур юм. Үүнээс гадна, олон улсын стандартын дагуу баригдсан тоглоомын талбай Монгол Улсад нэг ч байдаггүй аж.
Тоглоомын талбайн стандартаар тоглоом, шоглоом хийж байна
Хүүхдүүд савлуур дээр тоглож байхдаа бие, биеэ унагаах, гулгуураас буухдаа хэн нэгнийгээ бэртээх тохиолдол элбэг. Давчуу орон зайд, олон тоглоом эгнүүлсэн байдаг нь ийм эрсдэл бий болох хамгийн гол хүчин зүйл болдог. Гэтэл олон улсад савлуурыг нийтийн тоглоомын талбайд байршуулахаас татгалздаг бөгөөд байршуулсан ч тоглоом хоорондын зай, талбай зэрэгт онцгой ач холбогдол өгдөг байна. Түүнчлэн гулгуурын доор зориулалтын зөөлөвч байх шаардлага тавьдаг төдийгүй савлуурын бэхэлгээ, тоглоомын материал зэрэгт тусгай стандарт гэж байдаг аж.
Энэ талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг аюулгүй байдал талаас нь харах хэрэгтэй. Тухайлбал, гулгуурын доор хатуу цемент, шороо байвал хүүхэд гулсаад буухдаа түүн дээр унана. Тиймээс үүний доор зориулалтын материал байршуулах хэрэгтэй. Сүүлийн үед ихэнх гулгуурын доор хатуу резинэн материал байршуулдаг болсон. Тэр нь стандартад нийцсэн материал биш юм. Дээр нь хүүхэд унахад хатуу байдаг бөгөөд өвлийн улиралд хөлдөж хагардаг. Үүний оронд байгальд ээлтэй, хүүхдэд аюулгүй хайрга, элс дэвсэх ёстой. Мөн тоглоомын талбайн хашаа, хашлагын завсраар хүүхдийн толгой багтахааргүй байх ёстой . Хашааны өндөр ч мөн тодорхой стандарттай. Тоглоомын материалын чанар ч чухал” гэсэн юм. Дээрх стандартад нийцсэн тоглоомын талбай нийслэлд цөөхөн. Хянадаг, хариуцдаг байгууллага ч байдаггүй учир ажил хэрэг болж хэрэгжихгүй байсаар л байна.
Хүүхэд хохироход хуулийн хариуцлага хүлээх хүн алга
Стандартын шаардлага хангаагүй тоглоомын талбайг хянаж, засах сэтгэлтэй албан хаагч байхгүйн улмаас олон арван хүүхэд амь насаараа хохирч, олон зуун эцэг, эх “шар махтайгаа” хатаж байна. Хайртай үр нь бэртэж, гэмтээд бэдэрч буй аав, ээжээс хараа хяналт, хариуцлага шаардах нь хүний ёсноос гажууд хэрэг. Харин ч эрүүл аюулгүй тоглоомын талбай цогцлоох үүрэгтэй хуулийн этгээдээс хариуцлага нэхэх хэрэгтэй. Гэтэл манай улсад энэ тогтолцоо эсрэгээрээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд тоглож яваад эрсдэл хүлээвэл өөрөө л хохироод өнгөрдөг. Тоглоомын талбайн стандарт мөрдөөгүйн улмаас хүний амь эрсэдсэн байсан ч шийтгэл хүлээдэггүй тогтолцоо энд тэнд эвдэрхий төмөр өрчихөөд тоглоомын талбайтай гэж гаарахад хүргэж байна.