Хуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа гаарсны жишээ халдашгүй бүрэн эрхтэй гишүүдийг тагнасан, хорьсон асуудлаар үргэлжилж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хууль бусаар тагнасан асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргасан. Дэд хороо өргөдлийг хэлэлцэж, прокурорт шилжүүлснээр ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл нарын найман ажилтныг шалгаж эхлээд байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ сайд өөрийг нь хоёр жил орчим тагнасан баримт байгааг мэдэгдэж, энэ асуудлыг зүгээр орхихгүй гэдгээ өчигдөр хэвлэлийнхний асуултад хариулахдаа хэлэв. Ингэхдээ Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэл хувийн шинжтэй асуудлаар атгандаа оруулах гэж тагнасан гэх утга бүхий мэдээлэл өгсөн. Хувь, хувьсгалын ямар асуудал байгаа нь тодорхойгүй ч УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хүн хуулиараа халдашгүй бүрэн эрхтэй.
Хэдийгээр гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх нь гэмт үйлдэл, ёс зүйгүй байдлын халхавч биш ч сонгогчдын эрхийг хамгаалагч мөн. Тэгэхээр хууль бусаар гишүүдийн халдашгүй байдалд халдах нь сонгогчдын эрхэд халдахтай агаар нэг. Үндсэндээ хууль, хүчний байгууллагынхны дуртай үедээ, хүссэнээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулж болдог субъект нь гишүүд биш юм.
Тагнуул, цагдаагийн байгууллагынхан зөвхөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг чагнасан асуудал гаргаагүй. Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нарыг тагнаж, чагнасан асуудал гарч байсан ч тэгсхийгээд чимээгүй болсон.
Хэрэв хуулийн байгууллагаар тагнасан нь батлагдвал Үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хамгаалах үүрэгтэй тагнуулын байгууллагын ажилд улс төрийнхөн нөлөөлж, гар хөлөө болгож буй нь батлагдана. Тиймээс тагнуулын байгууллагыг нэг эрх мэдэлтний гар хөлөөс хол байлгах нь зөв. Одоо тагнуулын байгууллага Засгийн газрын харьяанд, үндсэндээ Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд байгаа. Тагнуулын байгууллагыг улстөржилтөөс хол байлгахын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяаны тусгай алба болговол хэн нэгний гар хөл болж, хууль бус зүйлд орооцолдохгүй байх магадлал ихэснэ.
Үүнээс гадна УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэйгээ шоронд хоригдсон ч хүн байна. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг барьж, хорьсон. Уг нь УИХ-ын гишүүний бүрэн эрх дараагийн парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс дуусгавар болох хуулийн заалттай. Гэвч бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй, дараагийн парламентад ч бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр сонгогдсон хүнийг шоронд хорьсон нь мөн л халдашгүй байдалд халдсан үйлдэл юм.
Харин гишүүдийн бүрэн эрхэд халдсан энэ мэт үйлдэлд УИХ-аас анхаарсан зүйл алга. Уг нь парламентад гишүүний бүрэн эрх, хамгаалалтын асуудлыг авч үздэг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо гэсэн бүтэц ажилладаг. Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг авч үздэг бол УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь УИХ, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг хариуцдаг юм. Харин халдашгүй бүрэн эрхтэй хүмүүст халдаж, хууль бус үйлдэл гаргаж байгаа нь УИХ-ын дэд хороодын ажил сул байгаагийн илрэл. Нам, улс төрийн тухайн нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргаж, хууль зөрчиж хорьсон, тагнасан асуудлыг чимээгүй хараад өнгөрөх юм бол УИХ-ын дэд хорооны хэрэг юу билээ. Хууль тогтоогчид нь өөрсдөө хуулиа мөрдөхгүй бол хэн хуулийг дээдлэх билээ.
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүн:
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрддэг.
Н.Энхболд (6 удаа сонгогдсон) С.Батболд (5 удаа сонгогдсон) Б.Бат-Эрдэнэ (5 удаа сонгогдсон) С.Бямбацогт (4 удаа сонгогдсон) Ц.Мөнх-Оргил (4 удаа сонгогдсон)
УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн:
Г.Амартүвшин Ц.Анандбазар Ж.Батжаргал Б.Баттөмөр Ж.Батсуурь Х.Булгантуяа С.Ганбаатар Б.Пүрэвдорж Г.Тэмүүлэн