ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан УИХ-ийн эмэгтэй гишүүдэд мэдээлэл өгөх үеэрээ өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн хүчирхийллийн талаар мэдээллээ.  Тэрбээр “Өсвөр насны охид гэр бүлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тодруулбал, сүүлийн гурван жилийн хугацаанд 676 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг бүртгэгдэн, шалгагдлаа. Үүний  58 орчим хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдсэн байна. Бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэх үндсэн гурван шалтгаан бий. Эхнийх нь гэр бүл салалт. Жилд дунджаар 3000 орчим гэр бүл салж, 6000 орчим хүүхэд өнчирч байна. Хараа, хяналтгүй болсон хүүхдүүд бэлгийн болон бие, сэтгэлийн хүчирхийлэлд өртөх магадлал нэмэгдэнэ. Мөн хуулийн өмнө хүлээсэн үүргээ эцэг эхчүүд биелүүлэхгүй байгаа нь хүүхдүүд бэлгийн мөлжлөгийн хохирогч болоход нөлөөлж байна. Түүнчлэн цахим орчинд хүүхдүүдийг садар самуунд уруу татах явдал нь бэлгийн хүчирхийллийн бас нэг шалтгаан юм” гэв.