Шинээр бүрэлдсэн УИХ өнгөрсөн наймдугаар сард ээлжит бус чуулган хуралдуулж, цаг хугацааны хувьд зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдийг баталсан. Тухайлбал, 2020 оны төсвийн тодотгол, Монгол Улсыг таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан юм. Харин үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч УИХ дахь АН-ын бүлэг хоёр удаа завсарлага авснаар ээлжит бус чуулганы хугацаанд багтаан хэлэлцэж чадаагүй. Тиймээс уг төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэхээр болсон.

УИХ дахь АН-ын бүлгийнхний завсарлага авсан шалтгаан хийгээд хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхгүй байх үндэслэлийн нэг нь Засаг дарга нарын томилгоотой холбоотой. Тодруулбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Засаг дарга нарыг тухайн шатны ИТХ, Иргэдийн нийтийн хурал нэр дэвшүүлэхээс гадна дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд санал гаргах эрхтэй байхаар тусгаад буй. Энэ нь орон нутгийн сонгуулиар аль ч нам нь олонх  болсон Ерөнхий сайд нь аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум, дүүргийн Засаг дарга нарыг, сум, дүүргийн Засаг дарга нь баг, хорооны Засаг даргаа санал оруулж, томилуулах эрхтэй болно гэсэн үг.

Тиймээс сөрөг хүчнийхнийг төлөөлж Ж.Батсуурь гишүүн Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслөөс “Засаг даргад нэр дэвшигчийг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд санал гарган гарган, нэр дэвшүүлж болно” гэсэн заалтыг хасах санал гаргасан ч олонхын санал аваагүй юм.

Улмаар АН чуулганы хуралдаанаас хоёр удаа завсарлага авсан нь засгийн эрх МАН-д илт давуу байгаа энэ үед орон нутгийн эрх мэдлийг тэр чигт нь МАН-д атгуулахыг хүсэхгүй байгаагийн илэрхийлэл болж буй.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засаг даргыг томилох зохицуулалтыг ингэж тусгажээ.

58 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох

58.2. Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ. 58.5.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно. 58.5.2. санал болгосон хүний талаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ. 58.5.3. Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ. 58.6. энэ зүйлийн 58.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд тус тус томилно.

Уг нь энэ хуулийн төслийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр тусгасан ч хэлэлцүүлгийн шатанд зарим зохицуулалтын хэрэгжилтийн хугацааг наашлуулах санал гарчээ. Тухайлбал, Засаг дарга нарын томилгоотой холбоотой зохицуулалтыг энэ оноос хэрэгжүүлж эхлэх санал далд түвшинд гарсан байна.

Тиймээс АН-ын бүлгийнхэн 2022 оноос хэрэгжүүлж эхлэх хуулийн төслийг заавал ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцэх шаардлагагүй гэдгийг илэрхийлж, хэлэлцүүлгийг намрын чуулган хүртэл хойшлуулаад байгаа нь энэ. Хэрвээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ИТХ-ын сонгуулиас өмнө баталж, хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэрэгжүүлбэл, энэ намар шинээр томилогдох бүх Засаг даргыг дээрээс санал оруулж томилох магадлалтай.

Харин хуулийн хэрэгжилтийн хугацааг урагшлуулахгүйгээр одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Засаг дарга нарыг томилбол ИТХ, Иргэдийн нийтийн хурал нь Засаг даргад нэр дэвшигчийг олонхын саналаар тодруулж, дээд шатны даргад өргөн мэдүүлнэ. Тодруулбал, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг дарга нарыг ингэж томилохоор заажээ.

26 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох

26.2.Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно. 26.3.Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.