Улаанбаатар хотын хөрс 89 хувийн бохирдолтой гарчээ

2015 онд Улаанбаатар хотын хөрс 72 хувийн бохирдолтой байсан бол 2018 онд 89 хувь болж нэмэгджээ. Энэ нь хатуу болон шингэн хог хаягдлын хор уршиг. Байгал экологийн тэнцвэрт байдал хог хаягдлаас үүдэн алдагдаж, түүгээр дамжин хүний эрүүл мэндэд асар их хэмжээний сөрөг нөлөөг бий болгож байна. Хорт хий ялгаруулагч хог хаягдлаас ангижрахын тулд ангилан ялгах дадалд суралцах нь чухал болоод байгааг мэргэжилтнүүд тайлбарлалаа.

Бидний хаясан хог хаягдал хөрс, усанд шингэдэг. Хог хаягдлын хорт бодис шингэсэн өвс ногоог мал амьтан иднэ. Харин бид тухайн мал амьтны махыг хүнсэндээ хэрэглэнэ. Мөн хог хаягдлын хорт хий шингэсэн усыг ч  ууна. Эцсийн дүндээ гэрээ, халаасаа цэвэрхэн байлгах гэж байгальд ил задгай, ангилалгүй хаясан хог ирээдүйд бидний хоол хүнсээр дамжин биед орж байна. Үүнээс шалтгаалан хавдар, астма харшил, сүрьеэ суулгалт, гар хөл амны өвчин тусах эрсдэлийг бий болгож байдаг.

Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга А.Аригун “Нийслэлийн нутаг дэвсгэрт зүйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд хогоо эх үүсвэр дээр нь ангилж ялгадаг байх хэрэгтэй байна. Аж ахуйн нэгж байгууллагууд ажилчдаа хог ангилж ялгах тал дээр сургах чиг үүргийг захирамжаар олгосон. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ талын сургалт явуулж мэдлэг олгох цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр захирамж гарсан.

Өдөр тутмын хэрэглээнээс хогийн цэг рүү шилжих хог байгальд шингэж алга болох хугацааг танилцуулья. Нимгэн лааз-80-100 жил, гутал 50-80 жил, гялгар уут 10-20 жил байдаг бол нийт хог хаягдлын 20 хувийг эзлэг шил  1 сая жил болж байж устдаг. Тийм л учраас байгальд шингэх хугацаа урт, дахин боловсруулах хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчилдаг.

Хог хаягдлыг ангилан ялгаж хаях нь хүний эрүүл мэнд болоод экологийн тэнцвэрт байдалд тустай

Жишээ нь ХБНГУ хог хаягдлаа 100 хувь ашиглаж, бордоо гаргаж, эрчим хүч үйлдвэрлэдэг. Байж болох бүхий л аргаар хог хаягдлыг мөнгө хэрэгцээ болгож чадсан. Мөн БНСУ 2007 онд төвлөрсөн хогийн цэг нь дүүрч хаагдахад хүрсэн үед ангилан ялгах менежментийг эрчимтэй хэрэгжүүлж, асуудлаа ангижирсан байх юм. Манай улсад энэ боломж бүрэн бий. Гол нь  иргэд хог хаягдлаа ялгаж, ангилж сурах дадал хэвшилтэй болох л үлдээд байна.

Хог хаягдлын менежментийн шинжээч А.Нямдорж “1000 орчим иргэн хог түүж амьдарч байна. Өвөлдөө энэ тоо багасан зундаа бага зэрэг ихэснэ. Хамгийн залхуу хүн эндээс хог ангилахад өдөрт 40 мянган төгрөгийн ашиг олж байгаа. Яагаад тэндээс орлого олоод байна гэхээр тэнд дахин боловсруулах боломжтой хог хаягдал их хэмжээгээр очоод байгаа. Үйлдвэрүүд тэндээс худалдан авч байгаа. Хэрвээ ангилал ялгах гэдэг зүйл хөгжин шууд эх үүсвэр дээрээсээ үйлдвэрүүд рүү очдог болбол хогийн цэг дээр ажиллаж байгаа 1000 хүнд үйлдвэр дээр ажлын байр гарч тэнд ажиллана гэсэн үг. Энд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд боловсролын асуудал маш хүнд. Хогийн цэг дээр хог хаягдал агаарт дэгдэн агаар хөрсний бохирдол үүсгэдэг асуудал маш их байгаа. Байгаль орчны бохирдлыг хог хаягдал ихэсгэж байгаа. Нэг л газар хог хаявал нэмээд хог хаяад байдаг”

Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1.2 сая тонн хог хаягдал гардаг

Улсын хэмжээнд жилд 1.5 сая тонн  хог хаягдал гардаг.  Үүний 1.2 сая тонн нь Улаанбаатар хотоос ялгарч, Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн 3 цэгт булшилж байна. Нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хаягдал байдаг ч бид өнөөдөр ердөө 24 хувийг л боловсруулж байна. Хог хаягдлаас үүдэлтэй сөрөг нөлөө улам бүр нэмэгдэх болсон учир хүн бүр өөрийн эрүүл мэнд амьдрах орчин ирээдүйн төлөө хогоо ангилж ялгах дадлыг гэрээсээ эхлүүлж, хүүхдүүддээ зааж сургах нь чухал болоод байгааг мэргэжилтнүүд санууллаа.