
Эрдэмтэд хүчирхэг үлэг гүрвэлийн хамгийн этгээд шинж байсаар ирсэн Tyrannosaurus rex-ийн жижиг мөчний нууцыг эцэст нь тайлсан байж магадгүй байна. Энэ нь олон зуун жилийн турш маргаан, хошигнолын сэдэв болсоор иржээ.
Ойролцоогоор 3 фут урттай Т-Рексийн гар нь түүний хөлний уртын гуравны нэгээс ч бага хэмжээтэй байсан нь 40 гаруй фут урт биетэй харьцуулахад илт зохисгүй харагддаг байв.
Т-Рекс нь жижигхэн гартай олон махчин үлэг гүрвэлийн нэг байсан бөгөөд эрдэмтэд олон жилийн турш эдгээр урд мөч ямар үүрэгтэй байсан талаар янз бүрийн онол дэвшүүлж иржээ. Үүнд олзоо тогтоон барих, үржлийн үед ханиа татах зэрэг тайлбарууд багтаж байв.
Сүүлийн үеийн зарим судалгаагаар дээд жижиг мөч нь хооллох үеийн үймээн самууны үеэр бусад үлэг гүрвэлд хазуулах эрсдэлийг бууруулахын тулд жижиг болсон гэж үздэг бол өөр нэг эртний онолоор ямар ч практик үүрэггүй болсон тул агшсан “үлдэгдэл эрхтэн” байсан гэж тайлбарладаг. Гэвч одоог хүртэл нэгдсэн дүгнэлт байгаагүй юм.
Харин тавдугаар сарын 20-нд Proceedings of the Royal Society B сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаа энэ маргааныг эцэслэж магадгүй байна.
85 төрлийн үлэг гүрвэлийн шинжилгээнд үндэслэсэн уг судалгаагаар жижиг мөч нь хувьслын “солилцоо” байсан бөгөөд илүү том болсон өөр нэг эрхтэн болох гавлын яс нөөцийг өөртөө төвлөрүүлсний үр дүн гэж дүгнэжээ.
“Хэрэв та маш бат бөх гавлын ястай үлэг гүрвэл бол маш жижиг урд мөчтэй байх магадлал өндөр” гэж судлаач Чарли Рожер Шерер тайлбарлав. Тэрээр “Та нэг тонн жинтэй ч бай, 10 тонн жинтэй ч бай хамаагүй. Хэрэв хүчтэй гавлын ястай бол харьцангуй жижиг гартай байна” гэжээ.
Үүний шалтгаан нь “хувьсал бүх зүйлийг зэрэг хөгжүүлэх дургүй” байдагтай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл хувьсал нэг зүйлд нөгөөгөөс нь илүү ач холбогдол өгдөг аж.
“Хэрэв та толгойгоо ашиглан том олзыг агнахад төвлөрөхийг хүсвэл урт сарвуутай гараа хадгалахад их энерги зарцуулах шаардлагагүй. Тиймээс хувьсал “гар хэрэггүй болсон тул агшааж, гавлын ясыг илүү хүчтэй байлгахад энергиэ ашиглая” гэж шийддэг” гэж тайлбарлажээ.
Өмнөх судалгаанууд махчин үлэг гүрвэлийн урд мөч жижигрэхийн хэрээр гавлын яс томордог холбоог аль хэдийн санал болгож байсан ч Шерерийн хэлснээр шинэ судалгаа анх удаа энэ хандлагыг таван өөр бүлгийн үлэг гүрвэл дээр статистикийн үндэслэлтэйгээр харуулжээ.

Гол зэвсэг
Судлаачид дүгнэлтдээ хүрэхийн тулд 85 төрлийн үлэг гүрвэлийн урд мөч болон гавлын ясны хэмжээг чулуужсан олдвор болон өмнөх шинжлэх ухааны судалгааны мэдээлэлд тулгуурлан хэмжжээ.
Мөн гавлын ясны хүчийг тооцоолох шинэ арга боловсруулж, нийт хэмжээ, яснуудын холболт, хазах хүч зэрэг хүчин зүйлсийг үнэлсэн байна.
Үүний үр дүнд бүх гавлын ясыг эрэмбэлэх боломжтой болж, хамгийн өндөр үзүүлэлтийг Т-Рекс авсан байна. Түүний дараа Цэрдийн галавын эхэн үед, Т-Рексээс 30 сая жилийн өмнө одоогийн Аргентин нутагт амьдарч байсан өөр нэг аварга махчин Тираннотитан оржээ.
Судлаачид зөвхөн тираннозавридуудаас гадна өөр дөрвөн бүлгийн үлэг гүрвэл болох цератозаврид, мегалозаврид, абелизаврид болон кархародонтозавридуудад хүчтэй том гавлын яс болон жижиг урд мөчний холбоо байгааг тогтоосон байна.
Эдгээр хоёр хөлт махчин амьтад дэлхийн олон бүсэд Триасын үеэс эхлэн Цэрдийн галавын төгсгөл хүртэл, өөрөөр хэлбэл 180 сая жилийн турш амьдарчээ.
Шинэ шинжилгээ жижиг мөч нь санамсаргүй биш, харин урт хугацаанд олон өөр, хоорондоо холбоогүй төрөл зүйлд давтагдан гарсан хувьслын шинж байсныг харуулж байна. Жижигрэх үйл явц бүлэг бүрт өөр өөр байв. Зарим нь эхлээд хурууныхаа хэмжээг багасгасан бол зарим нь шуугаа богиносгоход төвлөрчээ.
“Нийтлэг шалтгаан нь бүгд илүү хүч шаардсан олзыг агнадаг байсан явдал” гэж Шерер хэлээд “иймээс тэд маш хүчтэй гавлын ясыг хөгжүүлсэн” гэж тайлбарлав.
Олз нь томрох тусам эдгээр амьтад үндсэн зэвсгээ улам том, хүчтэй болгож, гар болон сарвуунаас энерги, нөөцөө татан авчээ.
“Бүх зүйл толгойгоороо дайрч эхэлдэг болсон. Толгой нь олзтой хамгийн түрүүнд харьцдаг болсон тул тэднийг унагах хамгийн хялбар арга нь энэ байв” гэж Шерер хэлжээ.
Гэсэн ч урд мөч нь бүрэн хэрэггүй байгаагүй гэж тэр үзэж байна. “Хэрэв ямар ч үүрэггүй байсан бол тэд урд мөчгүй байх байсан. Яг ямар үүрэгтэй байсныг одоогоор мэдэхгүй ч цаашдын судалгаагаар тогтооно гэж найдаж байна” гэжээ.
Өргөн тархсан хувьслын чиг хандлага
Т-Рексийн жижиг гар олонд танигдсан ч палеонтологийн салбараас гадуур бусад үлэг гүрвэл ч мөн жижиг урд мөчтэй байсныг төдийлөн мэддэггүй гэж Английн Бирмингамын Их сургуулийн палеобиологич Степан Лаутеншлагер хэлжээ. “Амьтдын хувьд янз бүрийн эрхтэн болон ясны өсөлтөд энерги зарцуулах нь маш өндөр өртөгтэй. Хэрэв урд мөчний үүрэг багасвал түүний хэмжээг багасгаж, бусад эрхтэнд хөрөнгө оруулах нь илүү ашигтай болдог” гэж Лаутеншлагер тайлбарлажээ.
Түүний хэлснээр Т-Рекс зэрэг том теропод үлэг гүрвэлүүд хамгийн үр ашигтай стратеги сонгож, голчлон хазах хүч болон хүчирхэг эрүү хөгжүүлэхэд анхаарсан байна.
Шотландын Эдинбургийн Их сургуулийн палеонтологи, хувьслын профессор Стив Брусатте Т-Рексийг “асар том хуурай газрын акул” байсан гэж тодорхойлжээ. “Тираннозаврын хувьслыг харахад толгой томрох тусам дээд мөч нь жижиг болж байсныг хардаг. Өөрөөр хэлбэл өмнө нь энэ мөчний хийдэг байсан олз барих, устгах үүргийг толгой нь орлож эхэлсэн” аж.
Мөн энэ ижил хандлага бусад аварга махчин үлэг гүрвэлүүдэд ч давтагдсан нь үлэг гүрвэлийн хувьслын нийтлэг хэв маяг байсныг харуулж байна.
Английн Бристолийн Их сургуулийн палеобиологич Андре Рови судалгааны хамгийн сонирхолтой дүгнэлт нь жижиг урд мөчний хувьслын чиг хандлага маш өргөн тархсан байсныг харуулсан явдал гэдгийг онцолсон байна.
“Тираннозаврууд ихэнх анхаарлыг татдаг ч абелизавр зэрэг зарим бүлгийн дээд мөч биеийн хэмжээтэй харьцуулахад бүр ч жижиг болсон” гэж тэр тайлбарлажээ.
“Хамгийн сонирхолтой нь бүх махчин үлэг гүрвэл ижил замаар хөгжөөгүй. Зарим нь том, ажиллагаатай дээд мөчөө хадгалсан бол зарим нь аварга толгой, жижиг мөчтэй болсон” гэж Рови хэлжээ. “Энэ судалгаа үлэг гүрвэлүүд ямар олон янз бөгөөд хувьслын хувьд шинэлэг байсан болохыг дахин харууллаа. Тэд ижил экологийн сорилтыг шийдэхийн тулд дахин дахин өөр өөр шийдэл хөгжүүлсэн нь эрдэмтэд болон олон нийтийн сонирхлыг өнөөг хүртэл татсаар байгаа шалтгаануудын нэг юм”.