Дэлхий даяар 1945 оны есдүгээр сарын 2-нд дэлхийн II дайн дууссаны өдрийг тэмдэглэдэг. Энэ баярыг тэмдэглэх олон улсын эрх зүйн үндэс нь Япон үг дуугүй буун өгсөн гэрээ бөгөөд түүнд 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр Америкийн “Миссури” линкор хөлөг дээр холбоотон гүрнүүдийн төлөөлөгчид ба дайнд ялагдсан Японы төлөөлөгч нар гарын үсэг зурсан аж. Үүгээр 1939 оны есдүгээр сарын 1-нд фашист Герман Польшид халдснаар эхэлсэн дэлхийн II дайн албан ёсоор төгсчээ.
Хүн төрөлхтний хоёр том цэрэг улс төрийн эвслүүдийн дайн 1939 оны есдүгээр сарын 1-нээс 1945 оны есдүгээр сарын 2 хүртэл зургаан жил үргэлжилж Европ, Ази, Африк гэсэн гурван тивийн 40 орны нутаг дэвсгэр, Атлант, Номхон далай, Энэтхэгийн ба Хойд мөсөн далайн сав газруудыг хамарсан. Дайнд нийт 61 улс татагдан оролцож, 1,7 тэрбум хүн хор хөнөөлийг нь амссан. Фашист Герман 1941 онд Зөвлөлтөд довтолсны дараа Гитлерийн эсрэг эвсэл байгуулах эхлэл тавигджээ. Есдүгээр сарын 2-ны өдрийн баяр нь Ялалтын хоёр дахь өдрийн баяр болж байгаа ба олон орнуудад тэмдэглэдэг.
Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөж, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгах Алс Дорнодын зэвсэгт ажиллагаа буюу монголчуудын нэрлэдгээр 1945 оны Чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс оролцож морьт механикжуулсан бүлэгт 21 мянга 384 монгол цэрэг үүрэг гүйцэтгэж байсан юм.

Потсдамын 1945 оны тунхагаар Японы бие даасан байдлыг Хонсю, Кюсю, Сикоку, Хоккайдо болон Японы ольтригийн бага хэмжээний арлуудаар хязгаарласан байв. Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи гэсэн арлуудыг Зөвлөлтийн бүтцэд багтаажээ.