Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Засгийн газрын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гурван үе шаттай эхлүүлэхээр болсон. Тодруулбал, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс, их дээд сургуулийн танхимын хичээл аравдугаар сарын 5-наас эхлэх юм. Эдгээр ажлын бэлтгэл явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийх аж. Улмаар халдвар хамгаалал, дэг журам сахиулах чиглэлээр зөвлөмж гаргасан байна.
Энэ талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн“Нэг ангийг хоёр, гурав хуваана. Нэг ангид дээд тал нь 20-25 хүүхэд хичээллэнэ. Өглөө 08.00 цагаас эхний анги нь ороод 10.30 тарна. Дараагийн анги 11.00-13.30 цаг хүртэл хичээллэнэ. Жишээ нь, 40 хүүхэдтэй анги байвал хоёр хуваана. Бага анги зөвхөн монгол хэл, математикийн хичээлүүдээ, дунд анги монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээ, ахлах анги монгол хэл, математик, сонгон судлах хичээл, гадаад хэлний хичээлүүдээ л анги танхимдаа үзнэ. Харин бусад хичээл нь телегээр орно” гэв.
Харин сургууль цэцэрлэгт халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаар МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа “Халдвар хамгааллын дэглэм баримтлах асуудалд тусгайлан боловсруулсан дэглэм бий. Үүний дагуу, сургалтын байгууллагууд бэлэн байдлаа хангах шаардлагатай. Бид хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэгүүдийн ойр орчим болон сургуулийн байр, дотуур байр, барилга байгууламжуудад мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэнэ. Энэ бол жил бүр хийдэг ажил. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа учраас сургууль, цэцэрлэг зайлшгүй мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх бэлтгэлээ хангах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийн тулд сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд өглөө бүр багш, сурагчдын биеийн халууныг хэмжиж, тандалт судалгаа хийх хэрэгтэй. Түүнчлэн эцэг, эхчүүд өмнөх шигээ хүүхдээ сургуулийн гадна хүргээд орхих биш, заавал багшид нь хүлээлгэн өгнө. Тандалт судалгаагаар сурагчид өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл сургууль руу оруулахгүй тул буцааж авч явах зохицуулалт хийсэн. Тиймээс сургалтын үйл ажиллагааг явуулахад эцэг, эхчүүдийн ч оролцоо чухал гэдгийг албаныхан онцолж байлаа.
Түүнчлэн энэ сарын 20-ноос сургууль, цэцэрлэгийн бэлэн байдалд шалгалт хийх аж. Шалгалтыг хоёр үе шаттай зохион байгуулах юм байна.
Энэ хичээлийн жилд эцэг, эхчүүдийн хүлээх үүрэг (СӨБ)


