Хүүхэд том болоод ямар хүн болох вэ гэдэг нь эцэг, эхчүүдийн хандлага, хүмүүжлийн аргаас ихээхэн шалтгаалдаг. Өөртөө итгэлгүй, шийдвэр гаргадаггүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй сөрөг үр дагаврууд хүүхдийг цохих, зандчихаас эхлэлтэй. Тиймээс ямар ч үед хүүхдэд гар хүрэх, зандчихгүй, оронд нь ойлгуулах, тайлбарлах хэрэгтэйг Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэлзүйч Б.Энхлэн ярилаа. Түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.

-Хүүхдийнхээ сэтгэлзүй, мэдрэмжийг ойлгох нь зөв хүмүүжүүлэхэд тустай гэдэг. Бага насны хүүхдүүд мэдрэмжээ хэрхэн илэрхийлдэг вэ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэлзүй, мэдрэмжийн үйлдлүүдэд ямар хариу үзүүлбэл зүгээр вэ?

-3-5 настай хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогт тохируулан ярилцах арга, мэдээллүүд олон бий. Харин нярай хүүхдийн сэтгэлзүйн онцлогуудыг орхигдуулчихаад байдаг юм. 0-6 сартай хүүхдүүдэд өөрийгөө аюулгүй байна уу гэсэн мэдрэмж байнга байдаг. Нэгээс доош насны хүүхдүүдэд аюулгүй байх мэдрэмж их чухал юм. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ уйлахад нь халамжлах, ганганахад нь ярилцаж, байнга хамт байгаагаа илэрхийлэх нь зөв. Хүүхдүүд өөрт таагүй зүйлээ уйлж, таатай зүйлээ инээмсэглэж илэрхийлдэг. Тухайлбал, 6-12 сартай хүүхдүүдийн хувьд шүд ургах, өлсөх, цангах зэрэг мэдрэмжээ уйлж илэрхийлдэг. Энэ насны хүүхдүүдэд инээх үйлдэл нь ихэснэ. Уйлах, инээх зэргээр мэдрэмжээ илэрхийлэхэд нь аав, ээж нь хамт байж, байнга харилцсанаар хүүхдийн аюулгүй орчинд байгаа мэдрэмж хадгалагддаг. Мөн хүнд итгэх мэдрэмж энэ наснаас хөгжиж эхэлдэг.

Аав, ээжүүд стресстсэн үедээ хүүхдээ тугтрах, хөл, гар дээр нь цохих зэрэг үйлдэл хийх нь бий. Ийм үйлдэл хийж болохгүй. Яагаад гэвэл зодож, чанга дуугаар загнах нь хүүхдийн аюулгүй байх, итгэх мэдрэмж үгүй болох эрсдэлтэй.  Мөн тархины хөгжилд муугаар нөлөөлдөг. Том болоод өөртөө итгэлгүй, эргэн тойрныхон болон гэр бүлийнхэндээ  итгэдэггүй. Энэ мэт сөрөг үр дагаврыг мэддэггүй учраас эцэг, эхчүүд хүүхдэдээ гар хүрэх нь бий.

-Хүүхдийг ямар ч хэрэг хийсэн “гар хүрч” болохгүй гэсэн үг үү?

-Ямар ч үед, ямар  ч насны хүүхдэд гарч хүрч болохгүй. Зодох нь хүүхдэд бие болон сэтгэл санаанд нь хохирол учруулдаг. Хүүхдийг цохиж, цочроож хүчирхийлэл үйлдвэл тухайн хүүхэд том болохдоо өөртөө итгэлгүй, аливаа зүйлээс айж түгшсэн, өөрийгөө илэрхийлдэггүй, шийдвэр гаргадаггүй байдалд хүрнэ. Ийм сөрөг үр дагаврууд хүүхдийг цохих үйлдлээс эхлэлтэй байдаг.

-Эцэг, эхчүүд хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд хааяа гар хүрэх хэрэгтэй гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Аав, ээж нь зодсоноор хүүхдийн ирээдүйд муугаар нөлөөлснийг харуулсан судалгаа байдаг уу?

-Хүүхдийг цохиж, зодож шийтгэх нь хүмүүжлийн буруу арга гэж нэрлэгддэг болсон. 1997 онд хийсэн судалгааны дүнгийн талаар ярья. Аав, ээж нь зодож, цохидог хүүхэд болон ойлгож, ярилцдаг аав, ээжтэй хүүхдүүдийг харьцуулж судалсан байна. Урт хугацааны явцад зодуулсан хүүхдийн сурлага, идэвх буурсан бол зодуулаагүй хүүхдийнх нь сайжирч, өөртэй итгэлтэй байдал нь хадгалагдсан гэсэн судалгааны дүн гарсан байна.

-Хүүхдийн нас насны сэтгэлзүйн онцлогуудын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хүүхдийн нас насны сэтгэлзүйн онцлогууд байдаг. Тав хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хөлд, хэлд орж, танин мэдэх хэрэгцээ их байдаг. Тухайлбал, хүүхэд аяга шидэж хагалсан нь танин мэдэх хүсэлтэй нь л холбоотой. Түүнээс биш аяга шидэж хадгалж болохгүйг мэдэхгүй. Тиймээс аяга шидэж хагаллаа гэх мэтээр буруутгах ёсгүй.

2-3 насны хүүхдүүдийн төсөөлөн болон дүрслэн бодох чадвар нь илүү хөгждөг. Тиймээс энэ насны хүүхдүүдэд үлгэр ярьж өгөх, өөрөөр нь үлгэр зохиолгох зэргээр хөгжүүлэх нь зөв. Тэд гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцааг их ажигладаг. Гэр бүлийнхэн нь муухай үг хэрэглэвэл дагаад л муухай үг хэрэглэдэг. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдэдээ сайнаар үлгэрлэж, хүмүүжүүлэх хэрэгтэй.

3-5 насны хүүхдүүдийн оюун ухааны хөгжил нь хурдацтай явдаг. Асуулт асуух нь нэмэгддэг. “Энэ яагаад ийм өнгөтэй юм бэ. Энэ яагаад ингэж ургадаг юм бэ” гэх мэтээр асуулт их тавьдаг. Харин эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуултад хариулахаас цааргалж болохгүй. Хүүхэд асуултынхаа хариуг аль нэг сувгаас авч байж л санаа нь амарна. Харин буруу мэдээлэл авсан бол тэр чигээр нь л ойлгох учраас эцэг, эхчүүд өөрсдөө цааргалахгүй ойлгуулах нь зөв.

-Хүүхдэд "гар хүрэх"-ийн оронд ойлгуулах эерэг аргууд юу байна вэ?

-Хүүхдийг буруу зүйл хийлээ гээд цохиход больчихдог. Гэхдээ нь айдас түгшүүр үүссэнээс больж байгаа юм. Харин “Ингэж болохгүй юм байна” гэж ойлгоод байгаа юм биш. Цочирдсоноос болж үйлдлээ зогсоож байгаа юм.

Хэрвээ өөртөө итгэлтэй хүүхэдтэй болохыг хүсвэл зөв үйлдэл хийснийх нь дараа магтаалын үг хэлж, урам өгч бай. Гэхдээ материаллаг зүйл өгөхөөс илүү тэврэх, үнсэх зэргээр урамшуулж болно. Харин шийтгэлийн хувьд шийтгэхээсээ өмнө тайлбарлах хэрэгтэй. “Энэ зүйлийг буруу хийлээ. Ингэж хийх боломжтой байсан” гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Дараа нь 30 минут телевиз үзэх ёстой байсан бол 20 минут болгож багасгаад “Буруу үйлдэл хийсэн учраас ингэж байгаа юм шүү” гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Хүүхдийнхээ хийж буй үйлдэлд тэвчээртэй хүлээцтэй байх хэрэгтэй. Энэ үйлдлээс хүүхэд өөрөө суралцдаг. Уурандаа хүүхдийг цохиж болохгүй. Хүүхдийнхээ нас болон сэтгэлзүйн онцлогийг мэдэх хэрэгтэй. Буруу зүйл хийсэн хүүхдээсээ “Яагаад ингэв ээ” гэж асуугаад байдаг. Хүүхэд буруу зүйл гэдгийг мэдэхгүй шүү дээ. Хүүхэд том болоод ямар хүн болох нь 0-5 наснаас хамаардаг.