
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газраас боловсролын салбарын чөлөөлөлтийн үндэсний стратегийг өнөөдөр баталлаа. Боловсролын салбарт хэрэгжих үндэсний стратеги бол Монгол хүүхэд бүрийн мэдлэгийн хоцрогдлыг нөхөх үндэсний стратеги замын зураглал. Энэ ямар учиртай гэхээр хоёр жилийн өмнө Монгол Улс анх удаа PISA дэлхийн боловсролын чанарын үнэлгээнд хамрагдсан. Энэ үнэлгээгээр "15 настай, дунд сургуулиа төгсөж байгаа хүүхэд үе тэнгийнхээ ижил түвшний орны хүүхдүүдээс даруй 2-3 жилийн хоцрогдолтой байна. Хоёр хүүхдийн нэг нь уншаад ойлгохгүй байна. Байгалийн ухаан, англи хэл гэх мэт хичээлээр хоцрогдолтой. Хот хөдөөгийн хооронд мөн 3-5 жилийн ялгаа гарсан" гэж дүгнэсэн.
Хуучин хоёр ихэр сурлагын хоцрогдол гэж хэлдэг байсан. Нэг нь ковидын өмнөх, хоёр дахь нь ковидын хоцрогдол. Одоо нэмээд багш нар 14 хоног ажил хаясан. Дэлхий дээр хамгийн удаан ажил хаясан улс болсон. 14 хоногийн бодитой хоцрогдол бий болсон байна. Гурван ихэр хоцрогдол болсон гэсэн үг.
Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг бодлогыг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн шинэчлэлээр нэгдүгээрт оюуны тамиртай хүүхэд, сэтгэлийн тамиртай, биеийн тамиртай хүүхэд бэлдэе гэх шинэчлэл явж байна.
Манайд багш бэлддэг тогтолцоо цаг үеэсээ хоцорсон байна. Багшийг дэмжих гурван тулгуурт бодлогыг зарлаж байна. Сайн сургууль сайн багштай сайн хөтөлбөртэй байх ёстой. Хуурамч дүнгийн тогтолцоог халах ажлууд хийгдэж байна. Хүүхдийг дүн тавьж уралдуулдаг биш хүүхэд өөрөө ахиц дэвшлээрээ дүнгээ тавиулдаг, багш ур чадвараараа үнэлгээ хийлгэдэг болно. Сургууль мөн гүйцэтгэлээрээ үнэлгээ хийлгэдэг тогтолцоо руу шилжинэ.
Хүүхэд бүхэн төсөвтэй байх ёстой. Хувьсах зардлын тогтолцоог сэргээж байна. Хот, хөдөөгийн сургууль төрийн сургууль, хувийн сургуулийн ялгааг арилгах хагмийн гол механизм нэг хүүхдийг сургах хувьсах зардлын тогтолцоо юм. Хүүхэд хаана амьдарч, сурч байгаагаас үл шалтгаалаад Монголын хамгийн сайн багш нараар хичээл заалгах, хичээлийн хоцрогдлоо нөхөх Мэдлээ сургуулийн загвар хэрэгжих ёстой. 330 сумын ихэнх нь 12 жилийн сургуультай. Ес, 10, 11 дүгээр ангид дөрөв, тавхан хүүхэд сурдаг олон сургууль байна. Тиймээс алхам алхмаар сум дундын ахлах сургууль байгуулна" гэв.