Нийгмийн сүлжээгээр өчигдөр Хөвсгөл аймгийн Ханх сумд байрладаг "Agartha Resort"  амралтын газар Хөвсгөл нуур руу бохироо цутгадаг" гэх мэдээлэл түгсэн. Уг мэдээллийн дагуу тус резортоос "Худал мэдээлэлд автахгүй байна уу. Бид өөрсдийнхөө ундаалдаг ус руу юу гэж л бохироо асгах вэ дээ. Монгол хүн байна даа. Бузар байгаа даа. Маргааш нартай гэгээтэйд албан ёсны бичлэг, зураг, лайв хийж үнэн бодит мэдээлэл өгнө өө." хэмээн тайлбар оруулсан байлаа.

Зурагт харагдаж буй газар нь Хөвсгөл аймгийн Хатгал сум дах усан зогсоолоос 68 км зайд орших Хөвсгөл нуурын зүүн эрэг дэх "Балчирганат" гэх газар аж.

Энэхүү мэдээллийн дагуу тус аймаг дахь Цагдаагийн газар, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг холбогдох зургаан байгууллагаас бүрдсэн ажлын хэсэгт тухайн орчимд ажиллаж байгаа аж.

Шалгалтын явцын талаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Мөнхбаатар "Дээрх асуудлыг шалгахаар ажлын хэсэг өнөөдөр өглөө гарч, завиар 68 км зайг туулан очсон. Одоо тухайн газарт ажиллаж байна. Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орсны улмаас уулын үер жалга дагуу бууж, нуурт цутгаж байгаа тухай мэдээллийг эхний байдлаар ирүүлсэн. Нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэдэг нь ташаа мэдээлэл. Хоолой шиг харагдаж байгаа зүйл нь ясажсан мод бөгөөд тал нь нуур руу орсон байгаа нь төөрөгдөл үүсгэжээ. Эдгээр нөхцөл байдлыг албаныхан гэрэл зураг, бичлэгээр баримтжуулж байгаа" хэмээв.