Архангай аймгаас Завхан аймаг явах замд шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашин осолдож, шатсан ноцтой осол өчигдөр гарсан.

Уг ослын улмаас Цагаан давааны замыг түр хугацаагаар хаагаад байсныг өчигдөр оройноос нээн, тээврийн хэрэгслүүдийг хэсэг хэсгээр нэвтрүүлж эхэлсэн талаар Архангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Ослын талаар тодруулбал, өчигдөр 15.00 цагийн орчим Архангай аймаг Эрдэнэбулган сум 1-р баг “Цагаан даваа” гэх газарт шороон замд Dong-Feng маркийн том оврын ачааны автомашин онхолдож, улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч ойртож ирсэн 5 тээврийн хэрэгсэл шатахуунаас үүдэлтэй галын улмаас шатаж, 2 хүний амь нас хохирч, 16 хүн түлэгдсэн байна.

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлж, анхаарал болгоомжтой зорчино уу.